2Самуел 15:1-23

2Самуел 15:1-23 АБ2013

Дараа нь Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов. Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог болов. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан —Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн —Таны боол би Израилийн ийм ийм овгийн хүн байна гэхчлэн хариулдаг байв. Тэгэхэд Абсалом түүнд —Хараач, чиний хэрэг сайн хийгээд зүйтэй юм. Харин хааны зүгээс чамайг сонсох хүн нэг ч байхгүй гэж хэлдэг байв. Түүнчлэн Абсалом —Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол шүүх зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би шударга байхсан гэдэг байв. Хэн нэгэн түүнд ойртон ирж хүндэтгэн мөргөхөд тэр гараа сунган өнөөх хүнийг тэвэрч үнсдэг байжээ. Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх израильтай Абсалом ингэж харьцдаг байв. Абсалом Израилийн хүмүүсийн зүрхийг ийн эзэмджээ. Дөрвөн жил өнгөрөхөд Абсалом, хаанд —ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач. Таны боол би Арамын Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” гэж тангарагласан юм гэв. Хаан түүнд —Амар тайван явтугай гэж айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав. Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом Хебронд хаанчилдаг” хэмээгтүн гэж хэлүүлэв. Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв. Абсалом тахил нядлан тахиж байх зуураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэх хүмүүс нэмэгдсээр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв. Давид дээр нэгэн элч ирж —Израилийн хүмүүсийн зүрх Абсаломыг дагаж байна гэж хэлэв. Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх түшмэлдээ —Босоцгоо, зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас оргон зайлж чадахгүй. Бушуулцгаа. Тэр биднийг үтэр гүйцэж гай учруулан илдний ирээр энэ хотыг устгах вий гэлээ. Хааны зарц нар хаанд —Үзэгтүн, хаан эзнийхээ тааллаар хэлсэн бүхнийг тань бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв. Ингээд хаан гарч явахад гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван татвар эмийг үлдээв. Хаан ба түүнтэй хамт байсан бүх ард олон гарч, захын гэрийн дэргэд зогсов. Хамаг түшмэл нь хааны хажуугаар өнгөрөн, бүх керетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүн бүгд хааны өмнүүр явж өнгөрөв. Тэгэхэд хаан гит хүн Иттаид —Юунд чи бас бидэнтэй хамт явна вэ? Буцаж хаантай хамт үлд. Чи гаднын хүн бас нутгаасаа дайжсан хүн шүү дээ. Чи дөнгөж өчигдөр л ирчихээд өнөөдөр бидний хамт хэрэн хэсүүчлэх хэрэг үү? Би хандсан зүгтээ л арилж өгнө. Тиймээс чи өөрийн ах дүү нараа аваад буц даа. Энэрэл хайр ба үнэн нь чамд байг гэв. Харин Иттаи хаанд —ЭЗЭН амьд! Бас хаан эзэн минь амьд! Амьд ч бай, үхсэн ч бай эзэн хаан минь хаа байгаа газар, боол би тантай хамт байна гэж хариулав. Тиймээс Давид, Иттаид —Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л багачуудын хамтаар явж өнгөрөв. Орон даяар орь дуу болон гашуудаж байх үед мөнөөх олон явж өнгөрөв. Хаан Кидрон гууг гатлахад мөнөөх олон ч цөлийн зам тийш гатлан гарав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна