2Самуел 13:21-39

2Самуел 13:21-39 АБ2013

Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэлээ. Харин Абсалом, ах Амнондаа сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь хүчирхийлсэн учир Амноныг Абсалом үзэн ядаж байв. Түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонь хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив. Абсалом, хаанд бараалхан —Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан та өөрийн зарц нарын хамт боол надтай яваач гэв. Гэвч хаан, Абсаломд —Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд хүнд дарамт болж магадгүй гэв. Абсалом хичнээн ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв. Тэгэхэд нь Абсалом —Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэж гуйхад хаан түүнээс —Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув. Гэвч Абсалом түүнийг ятгасан бөгөөд тэр Амноныг бас хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав. Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв. Ингээд Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны хөвгүүд бүгд босож, өөр өөрсдийн луусыг унан зугтацгаав. Тэднийг замдаа явж байхад —Хааны бүх хөвгүүнийг Абсалом цохиж аллаа. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ Давидад ирэв. Тэгэхэд хаан босож, хувцсаа уран газарт хэвтэв. Түүний бүх зарц нар дэргэд нь хувцсаа уран зогсож байлаа. Харин Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан —Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав гэж эзэнтэн минь бүү бод. Амнон л үхжээ. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон хүчирхийлсэн өдрөөс Абсаломын ингэх нь тодорхой байсан юм. Тиймээс одоо “Хааны бүх хөвгүүн алагдав” гэсэн энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү тээ. Учир нь ганцхан Амнон л үхэв гэлээ. Харин Абсалом зугтлаа. Харуул залуу харцаа өргөтөл, үзэгтүн, түүний арын уулын хажуугийн замаар олон хүн ирж явав. Ионадаб, хаанд —Харагтун, хааны хөвгүүд ирчихээд байна. Таны боолын хэлсний дагуу болжээ гэв. Түүнийг тийнхүү айлтгамагц, харагтун, хааны хөвгүүд орж ирж, бархиран уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд цурхиран уйлалдав. Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Харин Давид үхсэн хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гансарч байлаа. Ингээд Абсалом зугтан Гешурт очоод тэнд гурван жилийн турш байв. Тэгтэл Амноны үхлийн тухайд Давид хаан тайвширсан учраас Абсаломын хойноос явахыг эрмэлзэх болов.