2Самуел 13
13
Амнон Тамар хоёр
1Дараа нь ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт охин дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ. 2Амнон дүү охин Тамараас болж маш их шаналсны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд түүнд ямар нэг юм хийхэд Амнонд хэцүү санагдаж байв. 3Гэвч Амнонд Давидын ах Шимеагийн хүү Ионадаб гэдэг нэгэн найз байлаа. Ионадаб их зальтай хүн байв. 4Тэр Амнонд
—Хааны хүү минь, юунд та өглөөнөөс өглөөд ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд Амнон түүнд
—Би дүү Абсаломынхаа охин дүү Тамарт дурлав гэлээ. 5Тэгэхэд Ионадаб түүнд
—Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү охин Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас талх идмээр байна” гэж хэл гэв. 6Иймээс Амнон хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүлэв. Хаан түүнийг эргэхээр ирэхэд нь Амнон хаанд
—Дүү охин Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө надад хэдэн боов хийлгүүлж, надад түүний гараас идэхийг зөвшөөрөөч гэв. 7Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр уруу нь хүн явуулж
—Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв. 8Иймээс Тамар, Амнон ахынхаа гэрт ирсэн бөгөөд тэр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухсаар, нүднийх нь өмнө боов хийж жигнэв. 9Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч Амнон идэхээс татгалзав. Амнон
—Цөмөөрөө эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав. 10Дараа нь Амнон Тамарт
—Хоолыг дотоод өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа дотоод өрөөнд авч очиж, 11Амнонд идүүлэхээр авчиртал, Амнон түүнийг хүчээр тэвэрч
—Дүү минь, надтай унт гэв. 12Харин Тамар
—Болохгүй, ах минь. Намайг бүү гутаагаач. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Эрээ цээргүй ийм юм бүү үйлдээч! 13Ийм гутамшигтайгаар би хааш явах вэ? Та ч гэсэн Израильд мунхаг нэгэн мэт тооцогдоно шүү дээ. Иймээс гуйя, одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв. 14Гэвч Амнон түүний үгийг сонсохыг хүссэнгүй. Амнон түүнээс илүү хүчтэй тул түүнийг хүчирхийлэн түүнтэй унтжээ. 15Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байлаа. Амнон түүнд
—Босоод, зайл! гэв. 16Харин Тамар түүнд
—Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн бузар хэргээс ч илүү бузар байна шүү дээ гэсэн боловч тэр Тамарыг сонсохыг хүссэнгүй. 17Тэгээд Амнон зарц залуугаа дуудан
—Энэ эмийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав. 18Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив. Тамар ханцуйтай урт хувцас#13:18 эсвэл чимэглэсэн өмсгөл (Эх 37:3 үз.) өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа.#13:18 магадлалтай хэсэг: тэр үед 19Тамар толгой дээрээ үнс цацаад, ханцуйтай урт хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин чангаар орилсоор явав. 20Түүний ах Абсалом түүнд
—Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чинь чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрхэндээ бүү хадгал гэв. Ийнхүү Абсалом ахынхаа гэрт Тамар үлдээд, ганцаар амьдрав. 21Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэлээ. 22Харин Абсалом, ах Амнондаа сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь хүчирхийлсэн учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.
Абсалом дүүгийнхээ улмаас өширхөв
23Түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонь хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив. 24Абсалом, хаанд бараалхан
—Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан та өөрийн зарц нарын хамт боол надтай яваач гэв. 25Гэвч хаан, Абсаломд
—Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд хүнд дарамт болж магадгүй гэв. Абсалом хичнээн ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв. 26Тэгэхэд нь Абсалом
—Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэж гуйхад хаан түүнээс
—Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув. 27Гэвч Абсалом түүнийг ятгасан бөгөөд тэр Амноныг бас хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав.#13:27 ЭЗО-д Абсалом нэгэн хаанд зориулан дайллага хийв. Еврейд нь ийм үгс байхгүй. 28Тэгээд Абсалом зарц нартаа тушааж
—Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв. 29Ингээд Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны хөвгүүд бүгд босож, өөр өөрсдийн луусыг унан зугтацгаав. 30Тэднийг замдаа явж байхад
—Хааны бүх хөвгүүнийг Абсалом цохиж аллаа. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ Давидад ирэв. 31Тэгэхэд хаан босож, хувцсаа уран газарт хэвтэв. Түүний бүх зарц нар дэргэд нь хувцсаа уран зогсож байлаа. 32Харин Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан
—Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав гэж эзэнтэн минь бүү бод. Амнон л үхжээ. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон хүчирхийлсэн өдрөөс Абсаломын ингэх нь тодорхой байсан юм. 33Тиймээс одоо “Хааны бүх хөвгүүн алагдав” гэсэн энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү тээ. Учир нь ганцхан Амнон л үхэв гэлээ. 34Харин Абсалом зугтлаа. Харуул залуу харцаа өргөтөл, үзэгтүн, түүний арын уулын хажуугийн замаар#13:34 магадлалтай хэсэг: Хоронаимаас Еврейд нь түүний араас олон хүн ирж явав. 35Ионадаб, хаанд
—Харагтун, хааны хөвгүүд ирчихээд байна. Таны боолын хэлсний дагуу болжээ гэв. 36Түүнийг тийнхүү айлтгамагц, харагтун, хааны хөвгүүд орж ирж, бархиран уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд цурхиран уйлалдав.
37Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Харин Давид үхсэн хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гансарч байлаа.#2См 3:3 38Ингээд Абсалом зугтан Гешурт очоод тэнд гурван жилийн турш байв. 39Тэгтэл Амноны үхлийн тухайд Давид хаан тайвширсан учраас Абсаломын хойноос явахыг эрмэлзэх болов.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.