2Хаад 6:1-7

2Хаад 6:1-7 АБ2013

Эш үзүүлэгч хөвгүүд Елишад —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм. Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд баръя гэлцсэнд Елиша —Явцгаа гэж хариулжээ. Тэгэхэд нэг нь —Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша —Би явна гэв. Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирээд моддыг цавчиж унагав. Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхний нь толгой усанд унав. Тэр —А-яа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэж уулга алдав. Тэгтэл Бурханы хүн —Сүх чинь хаахна унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулав. Елиша саваа тайран тийш шидэж төмрийг хөвүүлэв. Тэрээр —Гаргаад ав гэсэнд тэр хүн гар сунган сүхээ авав.