2Хаад 5:1-27

2Хаад 5:1-27 АБ2013

Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв. Нэгэн удаа арамчуудын тонуулын бүлэг Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа. Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв. Нааман явж, эзэндээ бараалхан —Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж ингэж хэлэв гэв. Тэгтэл Арамын хаан —Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэлээ. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алтан шекел, арван ээлжийн хувцас авч явлаа. Тэрээр Израилийн хаанд захидал авчирсан бөгөөд түүн дотор “Энэ захидал чамд хүрэхэд, харагтун, би өөрийн зарц Нааманыг уяман өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам уруу илгээснийг мэдтүгэй” гэжээ. Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран —Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв. Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн хэлүүлэхдээ —Юунд та хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв. Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов. Елиша түүнд элч явуулан —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ гэж хэлүүлэв. Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа —Харагтун, Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газар дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм. Абана, Фарпар зэрэг Дамаскийн голууд нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав. Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив. Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод —Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ. Харин Елиша —Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна гэлээ. Нааман түүнийг, ав гэж ятгасан боловч тэр татгалзав. Нааман —Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч. Учир нь боол тань шатаалт болон нядлах тахилаа өөр бурхдад бус зөвхөн ЭЗЭНд өргөх болно. Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв. Елиша түүнд —Амар тайван явагтун гэв. Ингээд Нааманыг хэсэг зайнд холдож байтал Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв. Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж —Бүх юм сайн уу? гэв. Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв. Нааман —Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаж хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ. Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд —Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр —Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв. Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү? Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.