2Хаад 10
10
Ахабын хөвгүүдийг хядав
1Самарид Ахаб далан хүүтэй байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн#10:1 ЭНО-д хотын захирагчид болох ахмадуудад мөн Ахабын үрсийн асрамжлагчдад илгээн
— 2Та нарт эзний тань хөвгүүд, тэрэг, морьд, бэхлэгдсэн хот болон зэвсгүүд байгаа тул энэ захидал та нарт очингуут 3өөрийн эзний хөвгүүдээс хамгийн сайн, хамгийн зохистойг сонгож, эцгийнх нь хаан ширээнд залаад, эзнийхээ гэрийн төлөө тулалдагтун гэжээ. 4Харин тэд ихэд айн
—Харагтун, хоёр хаан түүний өмнө тэсэж чадаагүй юм. Тэгвэл бид хэрхэн тэсэж чадах вэ? гэцгээв. 5Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн
—Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв. 6Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж
—Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв. 7Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв. 8Элч ирээд, түүнд
—Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд Иехү
—Тэдгээрийг гулдан хаалганы үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв. 9Өглөө Иехү гадагшаа гарч зогсоод, бүх ард түмэнд
—Та нар гэмгүй. Үзэгтүн, би эзнийхээ эсрэг хуйвалдан түүнийг алсан, харин энэ бүгдийг хэн алсан бэ? 10Ахабын гэрийн тухайд ЭЗЭНий айлдсан Түүний үгнээс юу нь ч газарт унаагүй гэдгийг мэдэгтүн. Учир нь ЭЗЭН Өөрийн боол Елиагаар дамжуулан айлдсанаа гүйцэтгэсэн юм гэв. 11Ингээд Иехү нь Ахабын гэрийнхнээс Иезреелд үлдсэн бүгдийг, тухайлбал түүний хүндэт хүмүүс, дотнын хүмүүс, тахилч нарыг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь хороов.#Хос 1:4
12Тэгээд Иехү босон хөдөлж, Самари уруу явав. Замд түүнийг хоньчдын Бет-екед байх зуур 13Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж
—Та нар хэн бэ? гэв. Тэд
—Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав. 14Иехү
—Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бет-екедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй.
15Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд
—Миний зүрх чамд үнэнчийн адил чинийх ч бас надад тийм байна уу? гэхэд Иехонадаб
—Тийм байна гэж хариулав.
—Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг тэргэнд оруулав. 16Иехү
—Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа. 17Иехү Самарид ирээд Елиад айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Самарид байсан, Ахабт үлдсэн бүгдийг дуустал нь хядав.
Баалд мөргөгчдийг хядав
18Дараа нь Иехү бүх ард түмнийг цуглуулаад, тэдэнд
—Ахаб, Баалд бага зэрэг үйлчилдэг байсан бол Иехү түүнд маш их үйлчилнэ. 19Одоо Баалын бүх эш үзүүлэгчийг, бүх мөргөгч болон бүх тахилчийг нь цуглуул. Би Баалд үлэмж их тахил өргөх тул нэгийг нь ч бүү үлдээ. Үлдсэн хэн боловч амьд үлдэхгүй гэв. Харин Иехү, Баалыг шүтэн бишрэгчдийг устгахын тулд ингэж залилан хэлжээ. 20Иехү
—Баалд зориулан тусгай чуулааныг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав. 21Тэгээд Иехү Израиль даяар хүн илгээсэн бөгөөд Баалын бүх мөргөгчид иржээ. Ирэлгүй үлдсэн нэг ч хүн байгаагүй юм. Тэд Баалын сүмд ороход Баалын сүм нэг захаас нөгөө зах хүртэлээ дүүрсэн байв. 22Иехү хувцасны агуулахыг хариуцсан хүнд
—Баалын бүх мөргөгчдөд хувцас авчрагтун гэж тушаасанд өнөөх хүн тэдэнд хувцас авч ирэв. 23Иехү, Рехабын хүү Иехонадабын хамт Баалын сүм уруу ороод, Баалын мөргөгчдөд
—Энд та нарын хамт ЭЗЭНий зарц нараас нэг ч хүн байхгүй, харин гагцхүү Баалд мөргөгчид л байгаа эсэхийг олж харагтун гэв. 24Тэгээд тэд өргөл болон шатаалт тахилуудыг өргөхөөр дотогш оров. Иехү өөртөө зориулж наян хүнийг гадаа байрлуулан зогсоогоод
—Та нарын гарт миний оруулах хүмүүсийн нэгэнд нь ч гэсэн зугтах боломж олгосон хэн боловч түүний оронд өөрийн амийг өгнө шүү гэж анхааруулав. 25Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд
—Дотогш ороод тэднийг цохигтун. Нэг ч хүн зугтах ёсгүй гэв. Тэд илдний ирээр тэднийг хядав. Харгалзагчид ба хааны түшмэд бүгдийг гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөөнд оров. 26Тэд Баалын сүмийн хөрөгт баганануудыг гаргаад шатаав. 27Тэд бас Баалын баганануудыг хугалан Баалын сүмийг нурааж, жорлон болгож орхисон нь энэ өдрийг хүртэл байгаа билээ. 28Иехү ингэж Израилиас Баалыг устгав.
29Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар гэм нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.#1Ха 12:28–30 30ЭЗЭН, Иехүд
—Миний мэлмийд зөв зүйтэйг гүйцэтгэснээрээ чи сайныг үйлдэж, Миний зүрхэн дэх бүхний дагуу Ахабын гэрт үйлдсэн тул чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна гэж айлджээ. 31Гэвч Израилийн Бурхан, ЭЗЭНий хууль дотор бүх зүрх сэтгэлээсээ алхахыг Иехү анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.
Иехү өөд болов
32Тэр өдрүүдэд ЭЗЭН, Израилийг бутраан тасалж эхэлсэн юм. Израилийн бүх газар нутагт Хазаел тэднийг ялж байв. 33Иорданы зүүнтээд Гилеадын бүх нутгийг буюу гадчууд, реубенчүүд, манассечуудыг мөн Арноны хөндий дэх Ароераас Гилеад, Башан зэргийг хүртэл ялав.
34Иехүгийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн мөн түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 35Иехү эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Самарид нутаглуулсан юм. Түүний хүү Иехоахаз оронд нь хаан болов. 36Самарид Израилийг захирсан Иехүгийн хугацаа нь хорин найман жил байлаа.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.