2Шастир 35:20-27

2Шастир 35:20-27 АБ2013

Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Кархемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа. Гэвч Неко түүнд элч нарыг илгээн —Иудагийн хаантан, танаар би юу хийх билээ? Өнөөдөр би таны эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодож надтай хамт байгаа Бурханыг эсэргүүцэхээ болигтун гэв. Гэсэн хэдий ч Иосиа түүнээс эргэж хургалгүй, түүнтэй дайтахаар өөрийгөө далдлан зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амнаас гарсан Некогийн үгийг үл сонсон Мегиддогийн талд тулалдахаар гарч ирэв. Харваачид Иосиа хааныг харван оносонд хаан зарц нартаа —Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв. Тиймээс түүний зарц нар түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт байсан хоёр дахь тэргэнд тавин Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн араас гашууджээ. Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм. Иосиагийн бусад үйл хэрэг болон ЭЗЭНий хуулийн дагуух түүний сайн үйлс, түүний урьд хождын үйл хэрэг, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм.