2Шастир 34:1-7
2Шастир 34:1-7 АБ2013
Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд үүнээсээ зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй. Хаанчлалынхаа найм дахь жилд, залуу хүү байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон ба сийлмэл, цутгамал хөргүүдээс Иуда болон Иерусалимыг цэвэрлэж эхэлсэн юм. Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав. Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр шатааж, Иуда ба Иерусалимыг цэвэршүүлжээ. Манассе, Ефраим, Симеоны хотууд болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгасуудад ч тахилын ширээнүүдийг тэр нурааж, Ашерагийн модон шон ба сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчиж хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцжээ.