2Шастир 22:1-12

2Шастир 22:1-12 АБ2013

Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг түүний бүх ууган хөвгүүдийг алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иехорамын хүү Ахазиа Иудагийн хаан болжээ. Ахазиа хаан болохдоо дөчин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Омрийн ач охин Аталиа гэдэг байв. Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг буруу мууг үйлдэхэд нь зөвлөгч болж байв. Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлээс хойш тэд түүнийг сүйрэлд хүртэл нь зөвлөгч болж байлаа. Тэрээр тэдний зөвлөгөөг дагаж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамын хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамчууд Иехорамыг шархдуулав. Тэгээд тэрээр Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байхдаа олсон шархаа эмчлүүлэхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ. Ахазиагийн сүйрэл Иорам уруу явснаар нь дамжуулан Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгцээ Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Иехүг харин Ахабын гэрийг тастуулахаар ЭЗЭН тосолсон байв. Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иехү бээр Иудагийн түшмэд болон Ахазиад үйлчилдэг Ахазиагийн ах дүүсийн хөвгүүдтэй тааралдаж тэднийг хороов. Тэр мөн Ахазиаг хайж, түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж аваад Иехүд авчран алав. Тэд “Тэр хүн ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээгээд оршуулжээ. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй. Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав. Харин хааны охин Иехошабеат нь Ахазиагийн хүү Иоашийг, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авсан юм. Тэрээр хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат нь (Ахазиагийн эгч байсан тул) түүнийг Аталиагаас нууснаар энэ эмэгтэйд тэр алагдаагүй юм. Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.