2Шастир 10

10
Рехобоамын эсрэг бослого
(1Ха 12:1–20)
1Ингээд хамаг Израиль бүгдээр Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ. 2Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод Египетээс буцаж ирэв. (Тэр Соломон хаанаас зугтан гараад Египетэд амьдарч байжээ.) 3Тэгээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа
4Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв. 5Рехобоам тэдэнд
—Гурван өдрийн дараа над уруу эргэж ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав. 6Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн
—Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув. 7Тэд Рехобоамд
—Хэрэв та энэ ард түмэнд сайнаар хандан тэдний таалалд нийцүүлж, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл тэд үүрд таны зарц болох юм гэж зөвлөв. 8Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлаж ирсэн залуустай зөвлөлдөв. 9Тэр тэдэнд
—“Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж буй энэ ард түмэнд ямар хариулт өг хэмээн та нар надад зөвлөх вэ? гэв. 10Түүнтэй хамт өссөн залуус түүнд
—“Эцэг тань бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өгнө үү” гэж чамд хандаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууц нуруунаас ч бүдүүн юм. 11Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би буулгыг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.
12Хаан
—Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам болон бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав. 13Рехобоам хаан, ахмадуудын зөвлөгөөг үл хайхран, ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа. 14Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд
—Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хариулав. 15Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд Бурхан бүх зүйлийг ийн эргүүлсэн юм. 16Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан
—Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ?
Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.
Израиль аа, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу буцацгаа.
Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд#2См 20:1
гэцгээв. Ингээд израильчууд бүгд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов. 17Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ. 18Рехобоам хаан албадлагын ажил харгалзагч Хадорамыг илгээсэн боловч Израилийн хөвгүүд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч Иерусалим уруу зугтахаар шалавхан тэргэндээ суув. 19Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү