1Тесалоник 3:1-13

1Тесалоник 3:1-13 АБ2013

Тиймээс бид цаашид тэвчихээ больж, өөрсдөө Афинд үлдэхээр шийдэж, Христийн сайнмэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ. Тэгснээр хэн ч эдгээр зовлонд ганхахгүй. Учир нь бид үүний тулд л заяагдсан гэдгийг та нар өөрсдөө мэднэ. Учир нь та нартай байхдаа бид зовлон эдлэхээ урьдчилан хэлж байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү боллоо. Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн. Харин Тимот сая та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харахсан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийн хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав. Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нараар тайтгарав. Хэрэв та нар Эзэний дотор бат зогсвоос эдүгээ бид амьд байна. Бурханыхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ? Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна. Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар дээр очих замыг маань заах болтугай. Бид та нарын төлөө адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулах болтугай. Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө Тэр та нарын зүрхийг ариун чанар дор гэм зэмгүй гэж батална. [Амен].