1Самуел 19:1-17
1Самуел 19:1-17 АБ2013
Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ. Тиймд Ионатан, Давидад —Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Маргааш өглөө болгоомжтой байж, далд газар нуугдахыг гуйж байна. Би гадагш гарч, чиний нуугдан байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд дуулгая гэжээ. Дараа нь Ионатан, эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж —Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бус уу. Мөн түүний үйлдсэн зүйлс нь танд маш их ашиг авчирсан тул хаантан та боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэг. Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв. Ионатаны хэлэхийг Саул сонсоод, тангараглан —ЭЗЭН амьд! Тэр бүү алагдаг гэж хэлэв. Тэгээд Ионатан Давидыг дуудан эдгээр бүх үгийг түүнд дуулгав. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв. Дайн дахин эхлэхэд Давид явж филистчүүдтэй тулалдан тэднийг цохиж үй олноор хядсанд тэд Давидаас зугтав. Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараар босоо ятга тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав. Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас бултсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав. Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад —Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэжээ. Ийнхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад оргон зугтав. Михал гэрийн шүтээнийг авч түүнийг орон дээр тавиад толгой дээр нь хэдэн ямааны үс тавин түүнийг хувцсаараа бүтээв. Давидыг барьж авчруулахаар Саул элч нарыг илгээсэнд Михал —Тэр өвчтэй гэж хэлэв. Тэгэхэд Саул, Давидтай уулзах элч нарыг дахин илгээхдээ тэдэнд —Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв. Элч нар ортол, үзэгтүн, толгой хэсэгтээ ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв. Саул Михалд —Юунд чи намайг ингэж хуурч, миний өстөн дайсныг оргуулан, надаас түүнийг зугтаалгав? гэхэд Михал Саулд —Тэр “Намайг явуул, үгүй бол би чамайг ална” гэж надад хэлсэн билээ гэв.