1Хаад 3
3
Соломон мэргэн ухаан гуйв
(2Шс 1:3–12)
1Соломон Египетийн хаан Фараоны хүргэн хүү болж, Фараоны охиныг аваад өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг бүхэлд нь барьж дуустал түүнийгээ Давидын хотод байлгав. 2Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.
3Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ. 4Гол мөргөлийн өндөрлөг байдаг Гибеон уруу хаан тахил тахихаар зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөлөө. 5Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж
—Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав. 6Тэгэхэд Соломон
—Та Өөрийн боол, миний эцэг Давидыг өмнө тань үнэн, зөвт бас шулуун шударга зүрх сэтгэлээр явсны учир агуу их хайр энэрлийг үзүүлсэн билээ. Та энэ агуу хайр энэрэлээ түүнд хадгалж, өнөөдөр түүний сэнтийд залрах хүүг түүнд өгсөн билээ. 7Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ. 8Таны зарц би тоолж бүртгэж чадахааргүй тоо томшгүй, Таны сонгосон агуу их ард түмний дунд байна. 9Тиймээс Таны ард түмнийг засаглахын#3:9 эсвэл шүүхийн тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв.
10Соломон энэ зүйлийг гуйсан нь ЭЗЭНий мэлмийд таашаагдав. 11Тиймээс Бурхан түүнд
—Чи урт нас, эд баялаг, дайснуудынхаа амийг гуйсангүй, харин зөвийг ялгах ухаарлыг өөртөө гуйсан тул, 12харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм. 13Би бас чиний гуйгаагүй баян тансаг байдал, нэр хүндийг ч чамд өгч байна. Иймээс чиний бүх өдрүүдэд хаадын дундаас чамтай адил хүн байхгүй болно. 14Хэрэв чи Давид эцгийнхээ явсан шиг Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал Би чиний өдөр хоногуудыг уртасгана гэж айлдлаа. 15Тэгэхэд Соломон сэрсэн ба харагтун, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимд ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахил ба эвийн тахил тахиж, бүх зарц нартаа зориулан найр хийжээ.
Соломоны мэргэн шүүлт
16Дараа нь хоёр янхан эмэгтэй хаан дээр ирж, түүний өмнө зогсов. 17Нэг эмэгтэй нь
—Эзэн минь, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм. Намайг хүүхэд төрүүлэх үеэр энэ бид хоёр мөнөөх гэртээ байсан билээ. 18Намайг хүүхэд төрүүлснээс хойш гурван өдрийн дараа энэ эмэгтэй ч бас хүүхэд төрүүлээд, бид хамт байлаа. Гэрт бидэнтэй хамт гаднын өөр хүн байгаагүй, зөвхөн бид хоёр л гэрт байсан. 19Энэ эмэгтэй хүүхдээ дараад унтчихсанаас хүү нь шөнө өөд болсон билээ. 20Тэгээд энэ эмэгтэй шөнө дунд босож, таны боол намайг унтаж байхад хажуугаас минь миний хүүг авч өөрийнхөө өвөрт хийгээд, харин өөрийн үхсэн хүүхдийг миний өвөрт хийсэн байлаа. 21Өглөө би хүүгээ хөхүүлэх гэж босоод хартал үхчихсэн байв. Би хүүхдийг нягталж ажвал тэр нь миний төрүүлсэн хүү биш байсан юм гэв. 22Тэгтэл нөгөө эмэгтэй
—Үгүй! Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү гэж арцав. Тэгтэл эхний эмэгтэй
—Үгүй! Үхсэн нь чиний хүү, харин амьд буй нь миний хүү гэж маргав. Тэд хааны өмнө ийн хэрэлджээ. 23Тэгэхэд хаан
—Нэг нь “Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү” гэж байхад, нөгөө нь “Үгүй, чиний хүү үхсэн, харин миний хүү амьд” гээд байдаг! гэж хэлэв. 24Тэгээд хаан
—Надад илд аваад ир гэхэд хааны өмнө илд авчрав. 25Хаан
—Амьд буй хөвгүүнийг хоёр хэсэгт хувааж, талыг нь нэг эмэгтэйд, нөгөө талыг нь нөгөө эмэгтэйд өгөгтүн гэж тушаав. 26Амьд хүүхдийн эх хүүгээ өрөвдөж дотор нь өмөрсөн тул хаанд хандан
—Өө эзэн минь, амьд буй хүүхдийг түүнд өг дөө. Түүнийг харин битгий алаач гэж гуйв. Харин нөгөө эмэгтэй нь
—Тэр минийх ч болохгүй, чинийх ч болохгүй. Хуваатугай! гэж хэлжээ. 27Хаан хариулан
—Эхний эмэгтэйд амьд буй хүүхдийг өгөгтүн. Хүүг бүү ал. Түүний эх нь тэр мөн гэжээ. 28Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.