1Коринт 15:35-58
1Коринт 15:35-58 АБ2013
Гэхдээ хэн нэгэн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямархуу биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. Мунхаг аа, тарьдаг чинь үхэхгүй аваас амилахгүй. Тарьдаг чинь, ирэх ёстой бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй буудайн эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм. Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. Бүх махбод адилгүй. Хүний махбод өөр байхад, амьтдын, шувуудын, загаснуудынх ч өөр аж. Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байна. Харин тэнгэрлэг биесийн гялбаа өөр, газрын биесийн гялбаа өөр юм. Нарны гялбаа өөр, сарны гялбаа өөр, одны гялбаа өөр байдаг. Од одноосоо гялбаагаараа ялгардаг. Үхэгсдийн амилал нь тийм байна. Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана. Энэ нь үл хүндлэл дор таригдаж, алдар дор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дор таригдаж, хүч дор амилуулагдана. Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. Харин эхнийх нь сүнслэг бус төрөлх агаад сүнслэг нь дараа нь аж. Анхны хүн нь газраас бөгөөд шороон, хоёр дахь хүн нь тэнгэрээс болой. Шорооных нь ямар байдагчлан шорооноос буй нь тийм бөгөөд тэнгэрийнх нь ямар байдагчлан тэнгэрээс буй нь тийм байна. Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ. “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ? Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ?” Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.