1 КОРИНТ 15:35-58

1 КОРИНТ 15:35-58 Ариун Библи 2013 (АБ2013)

Гэхдээ хэн нэгэн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямархуу биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. Мунхаг аа, тарьдаг чинь үхэхгүй аваас амилахгүй. Тарьдаг чинь, ирэх ёстой бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй буудайн эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм. Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. Бүх махбод адилгүй. Хүний махбод өөр байхад, амьтдын, шувуудын, загаснуудынх ч өөр аж. Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байна. Харин тэнгэрлэг биесийн гялбаа өөр, газрын биесийн гялбаа өөр юм. Нарны гялбаа өөр, сарны гялбаа өөр, одны гялбаа өөр байдаг. Од одноосоо гялбаагаараа ялгардаг. Үхэгсдийн амилал нь тийм байна. Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана. Энэ нь үл хүндлэл дор таригдаж, алдар дор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дор таригдаж, хүч дор амилуулагдана. Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. Харин эхнийх нь сүнслэг бус төрөлх агаад сүнслэг нь дараа нь аж. Анхны хүн нь газраас бөгөөд шороон, хоёр дахь хүн нь тэнгэрээс болой. Шорооных нь ямар байдагчлан шорооноос буй нь тийм бөгөөд тэнгэрийнх нь ямар байдагчлан тэнгэрээс буй нь тийм байна. Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ. “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ? Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ?” Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.

1 КОРИНТ 15:35-58 Ариун Библи, 2004 (АБ2004)

Гэхдээ хэн нэгэн хүн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямар төрлийн биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. Мунхаг аа, чиний тарьдаг нь хэрэв үхэхгүй бол амилахгүй. Чиний тарьдаг нь, ирээдүйн бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй улаан буудайн ч үр юм уу, эсвэл ямар нэгэн өөр үр байж болох юм. Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. Бүх махан бие адилгүй. Хүний махан бие нэг байхад амьтдын махан бие өөр, шувуудын махан бие өөр, загаснуудын махан бие өөр аж. Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байдаг. Харин тэнгэрлэг биесийн алдар өөр, газрын биесийн алдар өөр юм. Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг. Үхэгсдийн амилалт нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана. Энэ нь үл хүндлэл дотор таригдаж, алдар дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана. Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Хэрэв төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. Тийнхүү “Анхны хүн Адам амьд сэтгэл болсон” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. Харин эхлээд сүнслэг нь бус, төрөлх нь байдаг. Дараа нь сүнслэг нь байдаг. Анхны хүн нь газрын хөрснөөс, хоёр дахь хүн нь тэнгэрээс юм. Хөрснөөс буй нь ямар байдагчлан хөрснөөс буй тэд тийм байх бөгөөд тэнгэрээс буй нь ямар байдагчлан тэнгэрээс буй тэд тийм байна. Хөрсөн хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Юу гэвэл махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдсан” гэж бичигдсэн үг биелнэ. “Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?” Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.