1Коринт 15:12-34

1Коринт 15:12-34 АБ2013

Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгсдийн амилал байхгүй гэж юунд ярина вэ? Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно. Үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханыг гэрчилснээрээ Бурханы хуурамч гэрчлэгчид болно. Учир нь үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилал мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно. Харин тусбүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь Түүнийг ирэхэд Христийнхэн амилуулагдана. Дараа нь бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг Тэр хүчингүй болгоод, Бурхан Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой. Эцэст нь хүчингүй болох дайсан бол үхэл мөн. Учир нь Тэрээр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд нь оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч Нэгэн нь ангид байсан нь мэдээж. Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь бүгдэд Бурхан бүх юм болохын тулд юм. Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд огт амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? Яагаад бид ч цаг үргэлж аюулд байна вэ? [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. Би Ефест зэрлэг араатнуудтай, хүний хувьд л тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй л юм бол “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая!” Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.” Та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.