1 КОРИНТ 15:12-34

1 КОРИНТ 15:12-34 Ариун Библи 2013 (АБ2013)

Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгсдийн амилал байхгүй гэж юунд ярина вэ? Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно. Үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханыг гэрчилснээрээ Бурханы хуурамч гэрчлэгчид болно. Учир нь үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилал мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно. Харин тусбүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь Түүнийг ирэхэд Христийнхэн амилуулагдана. Дараа нь бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг Тэр хүчингүй болгоод, Бурхан Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой. Эцэст нь хүчингүй болох дайсан бол үхэл мөн. Учир нь Тэрээр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд нь оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч Нэгэн нь ангид байсан нь мэдээж. Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь бүгдэд Бурхан бүх юм болохын тулд юм. Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд огт амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? Яагаад бид ч цаг үргэлж аюулд байна вэ? [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. Би Ефест зэрлэг араатнуудтай, хүний хувьд л тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй л юм бол “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая!” Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.” Та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.

1 КОРИНТ 15:12-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ? Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм. Хэрэв үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханы эсрэг гэрчилснээрээ бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно. Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно. Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно. Харин тус бүр өөрийн дараалал дотор байна. Христ бол анхны үр жимс юм. Дараа нь Христийн хүмүүс Түүнийг ирэхэд амилуулагдана. Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь Тэр бүх дайснуудаа Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой. Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн. Учир нь Тэр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч ангид байсан нь мэдээж. Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм. Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? Яагаад бид ч цаг үргэлж аюул дотор байна вэ? [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэгээ бидний Эзэн Христ Есүс дотор та нарын талаарх өөрийнхөө бахархлаар баталъя. Хэрэв би хүний ёсоор Ефест зэрлэг араатнуудтай тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол “Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая”. Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”. Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.