1Коринт 1:20-30

1Коринт 1:20-30 АБ2013

Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. Учир нь иудейчүүд нь тэмдэг шаардаж, грекүүд нь мэргэн ухааныг хайдаг. Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм. Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн, Бурханы мөхөс нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой. Түүний үйлдсэнээр та нар Христ Есүс дотор байгаа бөгөөд Тэрээр бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусал ба золилт болсон юм.