1Шастир 22
22
1Тэгээд Давид
—Бурхан ЭЗЭНий өргөө энэ бөгөөд Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ энэ юм гэв.
ЭЗЭНий өргөөг барих бэлтгэл
2Израилийн нутагт байсан ирмэл хүмүүсийг цуглуулахыг Давид тушааж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих чулуучдыг томилов. 3Давид хаалганы самбаруудын хадаасыг хийх үлэмж хэмжээний төмөр мөн жинлэж барахааргүй их хэмжээний хүрэл бэлтгэв. 4Бас сидончууд ба тирчүүд Давидад их хэмжээний хушин дүнз авчирч өгсөн тул хушин дүнз тоймгүй байв. 5Давид
—Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав.
Соломонд мөн удирдагчдад өгсөн үүрэг
6Тэгээд Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захин тушаав. 7Давид, Соломонд
—Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ.#2См 7:1–16; 1Шс 17:1–14 8Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган үлэмж дайныг өдөөсөн. Чи Миний мэлмийн өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан өргөө барьж болохгүй. 9Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон#22:9 Соломон: энэ нэр еврей хэлний “амар тайван” гэсэн утгатай “шалом” гэдэг үгнээс гаралтай. гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана. 10Тэр Миний нэр алдарт зориулан өргөө барина. Тэр Миний хүү, Би эцэг нь болж, түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм. 11Миний хүү, энэ нь чамд биелэхэд, чиний тухайд Түүний айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихад ЭЗЭН чамтай хамт байх болтугай. 12ЭЗЭН чамд хэрсүү ухаан ба оюун билгийг өгч, чамаар Израилийг захируулах болтугай. Гагцхүү чи Бурхан ЭЗЭНийхээ хуулийг сахиарай. 13Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхаарах аваас, энэ нь чамд биелэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.#Иош 1:6–9 14Харагтун, би өөрийн чармайлтаар ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр мөн мод болон чулуу бэлтгэн тавьсан билээ. Чи улам ихийг нэмэх болно. 15Мөн чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигч, чулуу өнгөлөгч, мужаанууд болон бүх төрлийн ажилд чадварлаг янз бүрийн хүн байна. 16Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй их байна. Босоод, ажиллагтун! ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв. 17Мөн хүү Соломонд нь туслахыг Израилийн бүх удирдагчдад Давид тушаан
— 18Бурхан ЭЗЭН тань та нартай хамт бус уу? Тэр та нарт эргэн тойронд чинь амар тайвныг өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын оршин суугчдыг миний гарт тушааж, ЭЗЭН хийгээд Түүний ард түмний өмнө энэ газар сөхөрсөн юм. 19Тиймээс Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.
Одоогоор Сонгогдсон:
1Шастир 22: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.