1Шастир 21:18-27

1Шастир 21:18-27 АБ2013

Тэгтэл дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээ босгохыг Давидад дамжуулан хэлэхийг ЭЗЭНий тэнгэрэлч, Гадад тушаав. ЭЗЭНий нэрээр ярьсан Гадын үгийг дагаж Давид явлаа. Орнан хойш эргэж, тэнгэрэлчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Тэгэхэд Орнан буудай цайруулж байв. Давид Орнан уруу дөхөн ирэхэд Орнан, Давидыг хараад үтрэмээсээ гарч ирэн Давидын өмнө нүүрээ газарт хүргэн мөргөв. Тэгээд Давид, Орнанд —Энэ үтрэмийн газраа надад өгөөч! Би энд ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм. Ард олноос тахлыг холдуулахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь өгөөч гэв. Орнан, Давидад —Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан нүдэнд тань тааламжтай гэснээ болгоогтун. Хар даа, би шатаалт тахилд зориулан үхэр, түлээнд тариа цайруулагч тэрэг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв. Гэвч Давид хаан, Орнанд —Үгүй, би энэ бүгдийг чамаас бүтэн үнээр худалдаж авна. ЭЗЭНд зориулан чиний юмыг авахгүй, төлөөс төлбөргүй зүйлээр ч шатаалт тахил өргөхгүй гэв. Тэгээд Давид газрын үнэнд зургаан зуун шекел жинтэй алтыг Орнанд өгөв. Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр, ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав. ЭЗЭН, тэнгэрэлчид тушаасанд тэр илдээ хуйнд нь буцааж хийлээ.