ШАСТИРЫН ДЭЭД 21:18-27

ШАСТИРЫН ДЭЭД 21:18-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингэхэд дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээг босгох ёстойг Давидад хэлэхийг ЭЗЭНий тэнгэр элч Гадад тушаав. ЭЗЭНий нэрээр хэлсэн Гадын үгээр Давид явав. Орнан хойш эргэн, тэнгэр элчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Орнан буудай цайруулж байв. Давид Орнан уруу дөхөж байхад Орнан Давидыг хараад, үтрэмээсээ гарч ирэн, Давидын өмнө нүүрээрээ газар сунан мөргөв. Тэгээд Давид Орнанд —Би энд ЭЗЭНд тахилын ширээг босгохын тулд энэ үтрэмийн газраа надад өгөөч. Ард түмнээс тахлыг салгахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь зарах ёстой хэмээв. Орнан Давидад —Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан өөрийн нүдэнд таалагдсанаа үйлдэгтүн. Хардаа, би шатаалт тахилд зориулан үхрийг, түлээ болгон тариа цайруулагч нүдүүрийг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв. Гэвч Давид Хаан Орнанд —Үгүй, би заавал үүнийг бүтэн үнээр нь худалдан авна. Учир нь би чиний юмыг ЭЗЭНд зориулан авахгүй, мөн үнийг нь төлөөгүй зүйлээр шатаалт тахил өргөхгүй хэмээв. Давид газрын үнэнд зургаан зуун алтан шекелийг Орнанд өгөв. Тэгээд Давид тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгон, шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав. ЭЗЭН тэнгэр элчид тушаасанд тэр нь илдээ хуйнд нь буцаан хийлээ.

ШАСТИРЫН ДЭЭД 21:18-27 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгтэл дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээ босгохыг Давидад дамжуулан хэлэхийг ЭЗЭНий тэнгэрэлч, Гадад тушаав. ЭЗЭНий нэрээр ярьсан Гадын үгийг дагаж Давид явлаа. Орнан хойш эргэж, тэнгэрэлчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Тэгэхэд Орнан буудай цайруулж байв. Давид Орнан уруу дөхөн ирэхэд Орнан, Давидыг хараад үтрэмээсээ гарч ирэн Давидын өмнө нүүрээ газарт хүргэн мөргөв. Тэгээд Давид, Орнанд —Энэ үтрэмийн газраа надад өгөөч! Би энд ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм. Ард олноос тахлыг холдуулахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь өгөөч гэв. Орнан, Давидад —Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан нүдэнд тань тааламжтай гэснээ болгоогтун. Хар даа, би шатаалт тахилд зориулан үхэр, түлээнд тариа цайруулагч тэрэг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв. Гэвч Давид хаан, Орнанд —Үгүй, би энэ бүгдийг чамаас бүтэн үнээр худалдаж авна. ЭЗЭНд зориулан чиний юмыг авахгүй, төлөөс төлбөргүй зүйлээр ч шатаалт тахил өргөхгүй гэв. Тэгээд Давид газрын үнэнд зургаан зуун шекел жинтэй алтыг Орнанд өгөв. Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр, ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав. ЭЗЭН, тэнгэрэлчид тушаасанд тэр илдээ хуйнд нь буцааж хийлээ.