1Шастир 16:1-6

1Шастир 16:1-6 АБ2013

Ингээд тэд Бурханы авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Тэд Бурханы өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. Тэрээр Израилийн бүх хүн, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов тараав. Тэрээр левичүүдийн заримыг ЭЗЭНий авдрын өмнө үйлчлүүлэхээр буюу магтан дуулж, талархаж, Израилийн Бурхан ЭЗЭНийг магтаж байхаар томилов. Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар босоо ятга, ятгуудтай байв. Бас Асаф цан хөгжмийг дуугаргаж, тахилчид болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.