1Шастир 16:1-36
1Шастир 16:1-36 АБ2013
Ингээд тэд Бурханы авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Тэд Бурханы өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. Тэрээр Израилийн бүх хүн, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов тараав. Тэрээр левичүүдийн заримыг ЭЗЭНий авдрын өмнө үйлчлүүлэхээр буюу магтан дуулж, талархаж, Израилийн Бурхан ЭЗЭНийг магтаж байхаар томилов. Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар босоо ятга, ятгуудтай байв. Бас Асаф цан хөгжмийг дуугаргаж, тахилчид болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв. Тэр өдөр Давид анх удаа Асаф болон түүний ах дүүст ЭЗЭНд талархал өргөхийг даалгав. Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн. Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун. Түүний зарц Израилийн үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ! Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. Мянга мянган үеийнхэнд Түүний тушаасан үг, гэрээг нь мөнхөд санагтун. Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа Иаковт зарлиг, Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм. Ингэхдээ “Би та нарт Канаан нутгийг Өв залгамжлалын хувь болгон өгнө” гэж айлдсан билээ. Тэд тоогоор цөөн, дорой бөгөөд тэнд харь хүмүүс байсан Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн уруу тэнүүчилсэн. Тэднийг дарлахыг Тэрээр хэнд ч үл зөвшөөрч, Тэдний төлөө хаадыг зэмлэсэн. “Миний тослогдсон хүмүүст бүү хүр, Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн. Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун. Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун. Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн. Учир нь хүмүүсийн бүх бурхад нь шүтээнүүд юм. Харин ЭЗЭН, тэнгэрсийг бүтээсэн билээ. Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий. Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өргөгтүн, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн. Нэрд нь дүйцэх яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн. Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг. “ЭЗЭН хаанчилдаг” гэж үндэстнүүдийн дунд тэд хэлэг. Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг, Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг. Ойн бүх мод ЭЗЭНий өмнө бас баясан дуулна Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх. Тэгээд “Бидний авралын Бурхан, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулж, чөлөөлөөч” гэж хэлэгтүн. Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен гээд ЭЗЭНийг магтав.