1Шастир 12
12
Давидыг дагалдагсад
1Кишийн хөвгүүн Саулаас болж Давид Зиклагт нуугдан байх үед түүн дээр ирсэн хүмүүс нь дараах хүмүүс юм. Тэд дайн тулаанд хүчит эрсийн дунд Давидад тусалж байв. 2Тэд нуманд гарамгай бөгөөд баруун, зүүн хоёр гараараа чулуу дүүгүүрдэх, нум сум харвах эрдэмд боловсорсон агаад Саулын ахан дүүс болох Бениамин гаралтай хүмүүс байв. 3Толгойлогч нь Ахиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеа хүн Шемаагийн хөвгүүд мөн Азмаветын хөвгүүд Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү 4мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох Гибеоны хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад, 5Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн Шефатиа, 6корачууд болох Елкана, Ишшиа, Азарел, Иоезер, Иашобеам, 7Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар билээ.
8Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын гөрөөс мэт шалмаг байв. 9Тэргүүн нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб, 10дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа, 11зургаа дахь нь Аттаи, долоо дахь нь Елиел, 12найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад, 13арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи билээ. 14Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Багашиг нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав. 15Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав. 16Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв. 17Давид тэднийг угтан гарч
—Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол миний зүрх та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар намайг миний дайснуудад барьж өгөхөөр ирсэн аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад шүүх болтугай гэж хэлэв. 18Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж
—Давид аа, бид таных, Иессийн хүү, бид таны талд. Амар амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив. 19Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн дээр Манассегаас зарим нь урваж ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Филистийн ноёд зөвлөлдсөний дараа
—Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд урваж мэднэ гээд Давидыг холдуулан явуулав. 20Давид Зиклаг уруу явах үед түүн дээр Манассегаас урван ирсэн хүмүүс нь Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетаи буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар билээ. 21Тэд бүгд эрэлхэг хүчит эрс, цэргийн жанжингууд байсан тул дээрэмчний бүлгүүдийн эсрэг Давидад туслав. 22Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийн хуаран болов.
Хеброн дахь Давидын цэргүүд
23ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах билээ. 24Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн, Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв. 25Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эр байв. 26Левийн хөвгүүдээс дөрвөн мянга зургаан зуун хүн байв. 27Иехоиада нь Аароны бүлийн удирдагч байсан бөгөөд түүний хамт гурван мянга долоон зуун хүн, 28мөн эрэлхэг дайчин залуу эр Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр жанжин байв. 29Саулын ахан дүүс болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна. 30Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эр байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлд нэртэй хүмүүс байв. 31Манассегийн хагас овгоос Давидыг хаан болгохын тулд явж очсон, нэр нь тогтоогдсон арван найман мянган эрс байв. 32Иссахарын хөвгүүдээс цаг үеэ мэдэрч, Израиль юу хийх ёстойг мэдсэн тэдний хоёр зуун тэргүүн нь өөрсдийн бүх ах дүү нараа удирдан ирсэн байлаа. 33Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хоёргүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв. 34Нафталиас мянган цэргийн дарга мөн тэдэнтэй хамт бамбай, жадтай гучин долоон мянган эр байв. 35Данчуудаас тулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв. 36Ашераас тулалдааны бэлтгэлтэй дөчин мянган хүн байв. 37Иорданы нөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв. 38Тулалдааны бэлтгэлтэй энэ дайчид бүгд Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн хоёргүй сэтгэлээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх санаа нэг байв. 39Тэдний ахан дүүс нь тэдэнд бэлтгэн өгсөн тул тэд идэж уусаар Давидтай хамт гурав хоног тэнд байв. 40Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэрт хүнс ачин, гурилан боов, инжиртэй боов, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.
Одоогоор Сонгогдсон:
1Шастир 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.