Иохан 1
1
Үг нь махбод болов
1Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. 2Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. 3Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. 4Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв.#1:4 эсвэл Түүн дотор буй болсон нь амь байв эсвэл Үг амийн эх булаг байв эсвэл Үгтэй нэгдсэн нэгдэл дотор амь байв. 5Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм.#1:5 эсвэл ухаарсангүй 6Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ.#Мт 3:1; Мк 1:4; Лк 3:1–2 7Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа. 8Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. 9Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.#1:9 эсвэл Хүн бүрийг гэгээрүүлдэг, жинхэнэ гэрэл Тэрээр ертөнцөд ирэв. 10Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. 11Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. 12Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. 13Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ. 14Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм. 15Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч
—“Миний араас Ирэгч нь миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ. 16Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. 17Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ. 18Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.
Баптисч Иоханы гэрчлэл
(Мт 3:1–12; Мк 1:1–8; Лк 3:1–18)
19“Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. 20Тэр эс үгүйсгэн хүлээн зөвшөөрч
—Би Христ биш гэж хүлээв. 21Тэд түүнээс
—Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу?#Дх 18:15,18; Мал 4:5 гэж асуухад тэр
—Би биш гэсэнд
—Та өнөөх Эш үзүүлэгч үү?#1:21 өнөөх Эш үзүүлэгч: Мессиа ирэхийг тунхаглаж, уриалах учиртай хүн. гэхэд тэр
—Үгүй гэлээ. 22Тэгтэл тэд түүнд
—Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. 23Иохан
—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ гэж хэлэв.#Иса 40:3 (LXX) 24Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа. 25Тэд#1:25 эсвэл фарисайчуудын илгээсэн элч нар эсвэл илгээгдсэн фарисай элч нар түүнээс
—Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд 26Иохан
—Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. 27Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. 28Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм.
Бурханы Хурга
29Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад,
—Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга. 30Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. 31Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. 32Иохан гэрчилж
—Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. 33Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. 34Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.
Анхны шавь нар
35Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. 36Есүсийн явж байхыг тэр хараад
—Бурханы Хургыг харагтун! гэсэнд 37хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. 38Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд
—Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд
—Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. 39Есүс тэдэнд
—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. 40Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд
—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.
Филип Натанаел хоёрыг дуудав
43Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд
—Намайг дага гэв. 44Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. 45Натанаелыг Филип олоод
—Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд 46Натанаел түүнд
—Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд нь Филип
—Ирж, хар л даа гэв. 47Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай
—Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв. 48Натанаел Есүсээс
—Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр
—Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49Натанаел
—Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв. 50Есүс түүнд хариулан
—Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд, 51Тэр
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэрэлч нар Хүний Хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.#Эх 28:12
Nke Ahọpụtara Ugbu A:
Иохан 1: АБ2013
Mee ka ọ bụrụ isi
Kesaa
Mapịa
Ịchọrọ ka echekwaara gị ihe ndị gasị ị mere ka ha pụta ìhè ná ngwaọrụ gị niile? Debanye aha gị ma ọ bụ mee mbanye
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.