Иохан 9

9
Төрөлхийн сохор хүнийг эдгээв
1Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ. 2Шавь нар нь Түүнээс
—Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд 3Есүс
—Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм. 4Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. 5Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав.#Мт 5:14; Иох 8:12 6Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад
7Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ. 8Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь
—Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөөх биш үү? гэхэд 9зарим нь
—Тэр мөн байна гэцгээв. Бусад нь
—Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө
—Тэр чинь би байна гэж хэлэв. 10Тэд түүнээс
—Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд 11тэр
—Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. 12Тэд
—Тэр хаана байна? гэсэнд тэр
—Би мэдэхгүй гэлээ.
Эдгэрлийн тухайд байцаав
13Урьд нь хараагүй байсан өнөөхийг тэд фарисайчууд дээр авч ирэв. 14Есүс Амралтын өдрөөр шавар зуурч, нүдийг нь нээсэн байжээ. 15Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр
—Нүдийг минь Тэр шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд 16фарисайчуудын зарим нь
—Энэ хүн Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханых биш гэв. Зарим нь
—Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. 17Тиймээс тэд сохорт дахин
—Тэр чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр
—Тэр бол эш үзүүлэгч гэв. 18Тэгээд түүнийг сохор байж байгаад хараатай болсонд нь иудейчүүд итгэсэнгүй, хараатай болсон хүний эцэг эхийг дуудахад хүрчээ. 19Тэд эцэг эхээс нь
—Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. 20Эцэг эх нь тэдэнд
—Энэ хүү маань мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. 21Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр нас биед хүрсэн. Тэр өөрөө хэлэг гэв. 22Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. 23Тиймээс эцэг эх нь “Тэр нас биед хүрсэн, өөрөөс нь асуу” гэжээ. 24Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд
—Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд 25тэр
—Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. 26Тэд түүнээс
—Тэр чамд юу үйлдсэн юм? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ? гэж асуухад
27Би та нарт хэдийнээ хэлсэн, та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв. 28Фарисайчууд түүнийг хараан зүхэж
—Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. 29Мосед, Бурханы айлдсаныг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд 30өнөөх хүн
—Тэр нүдийг минь нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. 31Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. 32Төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хэн ч сонсоогүй. 33Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. 34Тэд
—Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.
Сүнсний сохрол
35Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж
—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд 36тэр
—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. 37Есүс
—Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. 38Тэр
—Эзэн, би итгэж байна гээд Түүнд мөргөв. 39Есүс түүнд
—Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. 40Есүстэй хамт байсан зарим фарисайчууд үүнийг сонсоод, Түүнд
—Бид бас сохор байх нь уу? гэхэд 41Есүс тэдэнд
—Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.

હાલમાં પસંદ કરેલ:

Иохан 9: АБ2013

Highlight

શેર કરો

નકલ કરો

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in