ГАШУУДАЛ 2
2
1Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ!
Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж,
Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.
2Эзэн Иаковын бүх сууцыг залгиж, хэлтрүүлсэнгүй.
Уур хилэндээ Тэрээр Иудагийн охины бүх бэхлэлтүүдийг нурааж,
Газартай нь тэгшлэв.
Тэр хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлалаа.
3Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав.
Тэр Өөрийн баруун мутрыг дайснуудын өмнөөс татан авлаа.
Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Тэр Иаковын дотор шатав.
4Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ.
Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав.
Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.
5Эзэн дайсан мэт болж
Израилийг залгижээ.
Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж,
Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.
6Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж,
Өөрийн товлосон хурлын байрыг устгав.
Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж,
Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.
7Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив.
Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв.
Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.
8Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв.
Тэрээр шугам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагүй бөгөөд
Тэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм.
Тэд хамтдаа сульдан доройтов.
9Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөд
Тэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа.
Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна.
Хууль ч цаашид байхаа болив.
Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.
10Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна.
Тэд толгой дээрээ шороо цацаж
Өөрсдөдөө таар бүсэлжээ.
Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.
11Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ.
Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.
12Тэд хотын гудамжнуудад шархадсан эр мэт үрэгдэж байхдаа,
эхийнх нь энгэрт тэдний амь асгарах үед тэд эхчүүддээ
“Тариа болон дарс хаана байна вэ?” гэх юм.
13Чамайг би хэрхэн зэмлэх вэ?
Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ?
Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ?
Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж.
Хэн чамайг эдгээж чадах вэ?
14Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан.
Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй,
харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.
15Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина.
Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч,
“Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?” гэлцэнэ.
16Бүх дайснууд чинь чиний эсрэг амаа томоор ангайлгасан.
Тэд исгэрэн, шүдээ хавирна.
Тэд “Бид залгив!
Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн.
Бид хүрэв, бид үзэв” гэж байна.
17ЭЗЭН Өөрийн зорьсноо хэрэгжүүлэв.
Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан Өөрийн үгээ Тэрээр гүйцэлдүүлэв.
Тэрээр өршөөлгүйгээр чулуудаж, чиний дээр дайснуудыг чинь баясгав.
Тэрээр өстнүүдийн чинь чадлыг өргөмжлөв.
18Тэдний зүрх Эзэн уруу хашхирч,
“Сионы охины хана хэрэм ээ, нулимс өдөр шөнөгүй гол мэт доош урсаг.
Өөртөө чөлөө бүү өг, нүд чинь бүү амраг.
19Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир.
Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга.
Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.
20Хар. ЭЗЭН, үзэгтүн!
Хэнийг Та ингэв?
Эмэгтэйчүүд өөрсдийн үр хүүхдийг, эрүүл төрсөн балчир хүүхдүүдийг идэх ёстой юм гэж үү?
Эзэний ариун газарт эш үзүүлэгч болон тахилч алуулах ёстой юм гэж үү?
21Гудамжинд газар дээр хөгшин залуугүй хэвтэцгээнэ.
Миний онгон охид болон залуус минь илдэнд унажээ.
Та Өөрийн уурын өдөрт хядаж, Та өршөөлгүйгээр устгалаа.
22Та тогтоогдсон баярын өдрүүдийнх шиг айдсуудыг минь тал бүрд дуудав.
ЭЗЭНий уурын өдөрт зугтсан буюу амь гарсан хэн ч байсангүй.
Миний төрүүлж, өсгөсөн тэднийг дайсан минь үгүй хийлээ.
Currently Selected:
ГАШУУДАЛ 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society