YouVersion Logo
Search Icon

ИОШУА 3

3
1Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов. 2Гурван хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж, 3хүмүүст тушаан
—Та нарын Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та бүхэн байрнаасаа хөдөлж, араас нь даган яв. 4Харин авдар болон та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд бүү дөхөж ойрт. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв.
5Тэгээд Иошуа хүмүүст
—Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв. 6Иошуа тахилч нартай ярин,
—Гэрээний авдрыг аван, хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Тиймээс тэд гэрээний авдрыг авч, хүмүүсийн өмнө тэргүүлэн явав.
7ЭЗЭН Иошуад
—Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно. 8Цаашлаад, гэрээний авдрыг авч яваа тахилч нарт чи тушаан “Та нар Иорданы эргийн усанд хүрч очоод усан дотор зогс” гэж хэл гэлээ. 9Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд
—Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв. 10Иошуа хэлэхдээ
—Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно. 11Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна. 12Тиймээс одоо Израилийн овгуудаас бүгдээс нь тус бүр нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө зориулан ав. 13Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.
14Ингээд хүмүүс Иорданыг гатлахаар майхнаа буулгасан ба гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа. 15(Ургац хураалтын өдрүүдийн туршид Иордан бүх эргээ халин үерлэсэн байдаг) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц, 16дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотоос нилээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн харалдаа гатлан гарав. 17Бүх Израиль нийт үндэстнээрээ хуурай газраар Иорданыг гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иорданы голд хуурай газар дээр бат зогсож байлаа.

Currently Selected:

ИОШУА 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in