ЛУК 22
22
1Дээгүүр Өнгөрөх хэмээдэг Исгээгүй Талхны Баяр ойртож байлаа. 2Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хэрхэн хөнөөх аргаа хайж байв. Учир нь тэд олон түмнээс айж байжээ. 3Арван хоёрын нэг болох Искариот гэгддэг Иудаст Сатан шүглэв. 4Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв. 5Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ. 6Иудас ч санаа нийлж, Түүнийг тэдэнд хурсан олноос зайдуухан барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв.
7Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах Исгээгүй Талхны Баярын эхний өдөр болов. 8Есүс Петр, Иохан нарыг илгээн
—Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв. 9Тэд Түүнд
—Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд 10Тэр тэдэнд
—Харагтун, та нарыг хот уруу ороход, устай ваар барьсан нэгэн хүн та нартай тааралдана. Тэр хүний орох гэр уруу ор. 11Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш, «Би шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх баярын зоог барих тохитой өрөө хаана байна вэ?» гэж танд хэлүүлэв” гэж хэл. 12Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд зоог бэлд гэжээ. 13Тэд явж, Түүний айлдсаар бүгдийг ёсоор нь биелүүлж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.
14Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. 15Есүс тэдэнд
—Би зовохоосоо өмнө энэхүү Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. 16Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд, 17Тэр аягыг авч, талархал өргөөд
—Үүнийг авч, дундаа хүртэцгээ. 18Учир нь Би та нарт хэлье. Үүнээс хойш Бурханы хаанчлал иртэл усан үзмийн дарснаас Би амсахгүй гэв. 19Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө
—Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. 20Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч,
—Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм. 21Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна. 22Учир нь үнэхээр Хүний Хүү оногдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв. 23Тэд өөр хоорондоо
—Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв.
24Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. 25Тэр тэдэнд
—Харь үндэстнүүдийн хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. 26Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. 27Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг. 28Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. 29Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө. 30Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно.
31Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. 32Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд 33тэр Түүнд
—Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв. 34Есүс
—Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.
35Тэгээд Тэр тэдэнд хандан
—Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд
—Үгүй, юугаар ч дутаагүй гэв. 36Тэр тэдэнд
—Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр хүн дээлээ зарж, илд худалдаж аваг. 37Учир нь Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв. 38Тэгтэл тэд
—Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр
—Энэ чинь хангалттай гэв.
39Тэгээд Тэр тэндээс гарч, заншсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа. 40Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж,
—Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд 41Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав.
— 42Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв. 43Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. 44Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. 45Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, 46тэдэнд
—Та нар юунд унтана вэ? Босоцгоо, сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гэж айлдав.
47Түүнийг ийнхүү айлдан байтал бөөн хүмүүс ирж яваа үзэгдэв. Арван хоёрын нэг болох Иудас гэгч тэднийг тэргүүлэн явж байв. Есүсийг үнсэхийн тул тэр Түүний дэргэд ирэв. 48Харин Есүс түүнд
—Иудас аа, чи үнсэлтээр Хүний Хүүг барьж өгч байна уу? гэв. 49Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад
—Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд 50тэдний нэг нь тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. 51Тэгтэл Есүс
—Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. 52Тэгээд Есүс Өөрийнх нь эсрэг хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд
—Та нар дээрэмчин барих мэт илд, шийдэм агсан ирэв үү? 53Өдөр бүр Би та нарын хамт сүмд байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.
54Тэд Түүнийг баривчлан, тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр холуур дагасаар очив. 55Хүмүүс хашааны дунд гал түлсний дараа, тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. 56Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад, анхааралтай ширтсэнээ,
—Энэ хүн бас Түүнтэй хамт байсан гэхэд 57Петр үүнийг үгүйсгэж,
—Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. 58Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад
—Чи бас тэдний нэг шүү дээ! гэхэд Петр
—Хүн гуай, би бишээ гэв. 59Нэг цаг өнгөрсний дараа өөр нэг нь
—Энэ хүн бас Галилын хүн тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. 60Тэгтэл Петр
—Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байтал гэнэт тахиа донгодлоо. 61Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ. 62Тэгээд гадагш гарч, гашуудан уйлав.
63Есүсийг харгалзагсад Түүнийг зодож, Түүгээр доог тохуу хийв. 64Тэд Есүсийн нүдийг боогоод,
—Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа. 65Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.
66Өглөө болж, ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг зөвлөлийн танхимд хүргүүлэв. 67Тэд
—Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээтэх гэхэд Тэр
—Хэрэв Би хэлбэл, та нар итгэхгүй. 68Хэрэв Би та нараас асуувал, та нар хариулахгүй. 69Гэвч үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун гарт залрах болно гэжээ. 70Тэд бүгд
—Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд
—Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв. 71Тэд
—Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.
বর্তমানে নির্বাচিত:
ЛУК 22: АБ2004
হাইলাইট
শেয়ার
কপি
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society