ТООЛЛОГО 11
11
1Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав. 2Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав. 3ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрын нэр нь Табера хэмээн дуудагдах болжээ.
4Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж
—Хэн бидэнд идэх махыг өгөх вэ? 5Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна. 6Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алга гэцгээв. 7Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адил төрхтэй байв. 8Ард түмэн эргэн тойронд яван, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд хийж нунтаглан, эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалган түүгээр боов хийдэг байв. Түүний амт нь тостой жигнэсэн боовны амттай адил байлаа. 9Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна түүнтэй хамт унадаг байлаа.
10Ард олон өөрсдийн ургууд даяар, хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа. 11Тийнхүү Мосе ЭЗЭНд хандан
—Та Өөрийн зарцдаа юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би Таны мэлмийд тааллыг эс олон, юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ? 12Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун” хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү? 13Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ?” Бидэнд идэх мах өгөөч” хэмээн тэд миний өмнө уйлж байна. 14Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм. Учир нь надад энэ хэт хүнд байна. 15Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.
16Тиймээс ЭЗЭН Мосед
—Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цуглуулан, тэднийг хурлын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо. 17Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно. 18Ард олонд хандан “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Учир нь та нар ЭЗЭНий чихэнд уйлан «Хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж байсан. Тиймээс ЭЗЭН та нарт мах өгнө. Та нар идэх болно. 19Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш, 20харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан «Бид ер нь юунд Египетийг орхив?» хэмээсэн” гэж хэл гэв. 21Харин Мосе
—Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” хэмээн Та айлдав. 22Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сүрэг болон үхэр сүрэг нядлах болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулагдах болж байна уу? гэв. 23ЭЗЭН Мосед хандан
—ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.
24Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов. 25Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж, түүнтэй ярив. Мосегийн дээр байсан Сүнсийг Тэр аван, далан ахмад дээр байрлуулав. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээв. Гэвч тэд дахин үүнийг үйлдсэнгүй.
26Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр оршив (тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч майхан уруу очоогүй байв). Тэд буудалд эш үзүүлцгээв. 27Тэгтэл нэг залуу хүн гүйн, Мосед хандан
—Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв. 28Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь
—Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв. 29Харин Мосе түүнд
—Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв. 30Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хуаран уруу буцав.
31Тэнд ЭЗЭНээс салхи гаран, далайгаас бөднө шувуудыг авчран, тэдгээрийг хуарангийн дэргэд, хуарангийн эргэн тойронд наад талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, газрын гадаргуу дээр хоёр тохой орчим зузаан болтол унагав. 32Ард олон бүтэн өдөр, бүтэн шөнө, мөн дараагийн бүтэн өдрийг зарцуулан бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага цуглуулсан нэгэн нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд өөрсдөдөө зориулан тэдгээрийг хуарангийн бүх эргэн тойронд тараан дэлгэв. 33Мах нь тэдний шүдэн завсар байх зуур, зажлахаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн байлаа. ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив. 34Тиймээс уг газрын нэр нь Киброт-хаттаава хэмээн дуудагдсан. Учир нь тэд шуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа. 35Киброт-хаттааваас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, тэндээ үлдэв.
Currently Selected:
ТООЛЛОГО 11: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society