МАТАЙ 19
19
1Есүс эдгээр үгээ айлдсаныхаа дараа, Галилаас явж, Иорданы тэртээх Иудейн нутагт ирэв. 2Үй олон хүмүүс Түүнийг дагахад тэнд Тэр тэднийг эдгээжээ.
3Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж,
—Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү? гэж асуухад 4Тэр хариуд нь
—Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд
— 5Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. 6Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав. 7Гэтэл тэд Түүнд
—Тэгвэл Мосе яагаад эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өгөөд, түүнийг явуулахыг тушаасан юм бэ? гэхэд, 8Тэр тэдэнд
—Яагаад гэвэл та нарын зүрх хатуу тул Мосе эхнэрээсээ салахыг та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй. 9Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв. 10Шавь нар нь Түүнд
—Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал, гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд 11харин Есүс тэдэнд
—Ингэж хэлэхийг бүх хүн хүлээн зөвшөөрч чадахгүй, харин энэ нь өгөгдсөн хүмүүс л чадна. 12Учир нь эхийнхээ хэвлийгээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг гэж айлдав.
13Есүсийн гарыг нь тавиулж, тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс Түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавь нар тэднийг зэмлэжээ. 14Харин Есүс
—Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд, 15тэдний дээр гараа тавьсны дараа тэндээс явав.
16Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд,
—Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад, 17Есүс
—Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. 18Тэр Түүнд
—Алийг нь? гэхэд Есүс
—Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил. 19Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. 20Өнөөх залуу эр Түүнд
—Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд, 21Есүс
—Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. 22Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ.
23Есүс шавь нартаа
—Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж. 24Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. 25Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан
—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд 26Есүс тэднийг хараад,
—Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. 27Тэгтэл Петр Түүнд
—Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ? гэхэд 28Есүс айлдсан нь
—Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно. 29Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно. 30Харин эхэнд байгаа олон хүн сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх байх болно.
Currently Selected:
МАТАЙ 19: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society