ЛУК 7
7
1Тэр хүмүүст сонсгосон яриа хөөрөөгөө өндөрлөж, Капернаум уруу явав. 2Нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг боол нь өвдөөд үхлүүт байжээ. 3Тэр Есүсийн тухай сонсоод, Түүнийг ирж, боолын маань амийг авраач хэмээн гуйлгахаар иудейчүүдийн ахлагчдаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав. 4Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж
—Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. 5Тэр хүн манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. 6Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болох үед зуутын дарга андуудаа илгээн,
—Эзэн, Та Өөрийгөө цаашаа бүү чилээ. Учир нь Таныг дээвэр дороо оруулах зохистой хүн би биш. 7Иймээс би өөрийгөө ч Тан уруу очих нь зохисгүй хэмээн үзэв. Харин Та зөвхөн үгээ айлдаач, тэгвэл боол маань эдгэнэ. 8Учир нь би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний доор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явж, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ. 9Есүс үүнийг сонсоод ихэд гайхан, Өөрийг нь дагаж явсан олонд хандан
—Та нарт Би хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл хараагүй шүү гэлээ. 10Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх боол эрүүл болсныг олж харав.
11Үүний дараа удалгүй Есүс Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь, мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. 12Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхноос нилээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. 13Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд
—Бүү уйл гэв. 14Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс
—Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд 15үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. 16Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн
—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн
—Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа. 17Түүний тухай энэхүү зар бүх Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.
18Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. 19Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж,
—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв. 20Тэд Есүс дээр ирээд,
—Баптисм хүртээгч Иохан биднийг Тань уруу илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ. 21Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ. 22Тэр тэдэнд
—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав. 23Надаас болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ! гэв. 24Иоханы элч нар явмагц, Тэр хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.
—Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 25Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг. 26Тэгвэл та нар юу харах гэж явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 27Түүний тухай
“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.
Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”
гэж бичигдсэн юм. 28Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав. 29Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурхан шударга хэмээн хүлээн зөвшөөрчээ. 30Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв.
— 31Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ? 32Тэд зах дээр суугаад бие биеэ дуудан, “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гашуудлын дуу дуулахад та нар гашуудан уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. 33Учир нь баптисм хүртээгч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүгэлсэн байна” гэдэг. 34Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа, ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг. 35Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв.
36Фарисайчуудын нэг нь Түүнээс өөртэй нь хамт зоог барихыг хүсжээ. Есүс мөнөөх фарисай хүний гэрт орж тухлан суув. 37Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч, 38Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. 39Есүсийг урьсан фарисай хүн үүнийг хараад,
—Хэрэв энэ хүн эш үзүүлэгч мөн байсан юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүний нүгэлт хүн болохыг нь мэдэх учиртайсан хэмээн дотроо бодсонд, 40Есүс хариуд нь
—Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон
—Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ.
— 41Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. 42Тэд төлөх чадваргүй тул өнөөх хүн тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь, 43Симон
—Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд
—Чи зөв шүүлээ гээд, 44тэр эмэгтэй уруу эргэж, Симонд
—Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй Миний хөлийг нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. 45Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг энд байх мөчөөс эхлээд хөлийг минь үнссээр байна. 46Чи Миний толгойг тосоор тослоогүй. Харин тэр үнэт тосоор хөлийг минь тослов. 47Тийм учраас Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд, 48эмэгтэйд
—Нүгэл чинь уучлагдсан гэлээ. 49Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо
—Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ? гэлцлээ. 50Есүс тэр эмэгтэйд хандаж
—Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.
Currently Selected:
ЛУК 7: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society