ЛУК 19
19
1Есүс Иерихог дайрч өнгөрөв. 2Харагтун, Закхай гэгч хүн байв. Тэр нь татвар хураагчдын ахлагч бөгөөд баян хүн ажээ. 3Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч биеэр бага тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. 4Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байв. 5Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд
—Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. 6Тэр шалавхан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. 7Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж,
—Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. 8Закхай зогсоод Эзэнд
—Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал, түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд 9Есүс түүнд
—Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. 10Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.
11Тэд энэ бүхнийг сонсох зуур Тэр нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Учир нь Тэр Иерусалимаас холгүй байсан тул, тэд Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн бодож байлаа. 12Тэр
—Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын оронг зорьжээ. 13Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван мина өгөөд “Намайг буцаж иртэл энэ мөнгөөр ажил хэрэг явуул” гэжээ. 14Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ. 15Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь ямар ажил эрхлэн явуулсныг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. 16Эхний хүн ирж “Эзэн, таны нэг мина арван мина болсон” гэхэд 17тэр түүнд “Сайн боол, сайн байна. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. 18Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг мина таван мина болсон” гэхэд 19тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. 20Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан. 21Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд 22тэр “Зохисгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? 23Тэгвэл чи мөнгийг минь юунд банкинд өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд, 24дэргэдээ байгсдад “Түүнээс нэг минаг авч, арван минатай хүнд өгсүгэй” гэв. 25Тэд “Эзэн, түүнд арван мина байгаа шүү дээ” гэхэд, 26“Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь ч авагдана. 27Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй миний дайснуудыг нааш авчирч, миний өмнө тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.
28Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. 29Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд хүрч ирээд, шавь нараасаа хоёрыг илгээн,
— 30Та нар зэргэлдээх суурин уруу яв. Тэнд очоод, та нар урьд нь хүн ер унаж байгаагүй илжигний дудранг олно. Тайлаад энд аваад ир. 31Хэрэв хэн нэгэн та нараас “Та нар юунд түүний уяаг тайлна вэ?” гэвэл, “Эзэнд хэрэгтэй байна” гэж хэл гэжээ. 32Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олж харав. 33Тийнхүү тэд дудрангийн уяаг тайлах үед эзэн нь тэднээс
—Та нар юунд дудрангийн уяаг тайлав? гэхэд 34тэд
—Эзэнд хэрэгтэй байна гэв. 35Тэд дудранг хөтлөн ирэхэд, хүмүүс түүн дээр хувцсаа тохоцгоож, Есүсийг мордуулав. 36Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь хувцсаа дэвсэж байлаа. 37Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,
— 38Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, алдар нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа. 39Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд
—Багш аа, шавь нараа зэмлээч гэсэнд 40Тэр
—Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү гэв.
41Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж,
— 42Хэрэв чи энэ өдөр амар тайванд юу хүргэхийг мэдсэнсэн бол! Харин эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. 43Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед 44чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв.
45Тэр сүмд орж, худалдаачдыг хөөн гаргаад, 46тэдэнд
—“Миний гэр бол залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байтал та нар сүмийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.
47Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөхийг оролдовч, 48ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.
Currently Selected:
ЛУК 19: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society