ИЕРЕМИА 9
9
1Миний ард түмний охины алагдагсдын төлөө
би өдөр, шөнөгүй уйлахын тулд
толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!
2Би өөрийн ард түмнийг орхиж,
тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой!
Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.
3“Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг.
Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог.
Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөд
тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4“Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг.
Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.
5Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд
хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ.
Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.
6Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм.
Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
7Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна.
“Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана.
Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?
8Тэдний хэл бол үхлийн сум.
Энэ нь заль мэхийг ярьдаг.
Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч,
дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг.
9Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?”.
10Би уулсын төлөө уйлаан болон орь дууг,
зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана.
Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд
үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна.
Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ.
Тэд явжээ.
11Би Иерусалимыг сүйрлийн овоо,
цөөвөр чононуудын үүр болгоно.
Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.
12Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв? 13ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэд Миний тэдний өмнө тогтоосон Миний хуулийг орхиж, Миний дуу хоолойг дагаагүй, түүний дагуу яваагүй. 14Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүд зан болон Баалуудын араас явсан юм”. 15Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө. 16Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Би тэднийг хөнөөх хүртэл араас нь илд явуулна”.
17Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав.
“Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд.
Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.
18Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг.
Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж,
зовхи маань усаар дүүрнэ.
19Учир нь «Бид ямар их сүйрэв!
Бид гутамшиг болов.
Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.
20Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож,
Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг.
Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа.
21Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ.
Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд
үхэл бидний орднуудад орж
иржээ.
22Яригтун,
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр ялгадас мэт унаж,
тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.
23ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. 24Харин сайрхагч нэгэн нь үүгээр сайрхаг. Намайг мэддэгээр, Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг хэрэгжүүлдэг ЭЗЭН гэж ухаардгаараа сайрхаг. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
25ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Би хөвч хөндүүлсэн болон хараахан хөвч хөндүүлээгүй бүгдийг шийтгэх өдрүүд ирж байна. 26Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөлд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж”.
Currently Selected:
ИЕРЕМИА 9: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society