YouVersion Logo
Search Icon

ХОСЕА 4

4
1Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун.
Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна.
Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.
2Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна.
Тэд хүчирхийллийг хөлсөлж байна.
Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.
3Тийм учраас газар нь гашуудаж,
тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож,
далайн загаснууд бас алга болж байна.
4Гэсэн ч хэн ч бурууг бүү олог, хэн ч бүү зэмлэг.
Учир нь чиний ард түмэн тахилчтай тэмцэлдэж байгаа хүмүүс мэт юм.
5Тиймээс чи өдрөөр бүдэрч, эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно.
Би чиний эхийг устгана.
6Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан.
Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно.
Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.
7Тэд олшрох тусам, Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв.
Би тэдний яруу алдрыг ичгүүрээр солино.
8Тэд Миний ард түмний нүглээр хооллож,
өөрсдийн хүслээ хууль бус байдал уруугаа чиглүүлж байна.
9Энэ нь ард түмэн шиг, тахилч шиг байх болно.
Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж,
тэдний үйлсийн төлөө тэдэнд хариу төлөх болно.
10Тэд идэх боловч ханахгүй.
Тэд биеэ үнэлэх боловч олшрохгүй юм.
Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больжээ.
11Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.
12Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж,
тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг.
Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж,
тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.
13Тэд уулсын оргил дээр тахилууд өргөн,
толгод дээр, эсвэл царс, улиас, теребинт моддын сүүдэр нь тааламжтай учраас тэдгээрийн доор утлага уугиулж байна.
Тийм учраас танай охид биеэ үнэлж, танай бэрүүд садарлаж байна.
14Танай охидыг биеэ үнэлж байхад нь, эсвэл танай бэрүүдийг садарлаж байхад нь Би шийтгэхгүй.
Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудын хамт салж яван, сүмийн янхнуудтай хамт тахилууд өргөдөг билээ.
Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.
15Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго.
Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй.
“ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй.
16Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу?
17Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ.
Түүнийг зөнгөөр нь орхи.
18Тэдний согтууруулах ундаа нь дуусахад тэд үргэлжлүүлэн биеэ үнэлдэг.
Тэдний бамбайнууд нь ичгүүрийг нандигнан хайрладаг юм.
19Салхи тэднийг жигүүр дотроо ороож,
тэд өөрсдийн тахилуудаасаа болж ичих болно.

Currently Selected:

ХОСЕА 4: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in