YouVersion Logo
Search Icon

ЭХЛЭЛ 21

21
1ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. 2Сара жирэмсэлж, Бурханы түүнд хэлж тогтоосон цагт нь нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. 3Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. 4Исаакийг найман хоногтой байхад нь Абрахам Бурханы тушааснаар түүнд хөвч хөндөх ёслолыг үйлджээ. 5Абрахам өөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа. 6Сара
—Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв. 7Сара
—“Сара хүүхдүүдээ хөхүүлнэ” гэж Абрахамд хэн хэлэх байсан юм бэ? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.
8Хүү өсөж, хөхнөөсөө гарчээ. Исаакийн хөхнөөсөө гарсан өдөр Абрахам том найр хийжээ. 9Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад, 10Абрахамд хандаж
—Энэ зарц бүсгүй, түүний хүү хоёрыг зайлуул. Энэ зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ. 11Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. 12Бурхан Абрахамд
—Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно. 13Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр учир Би түүгээр нэгэн үндэстэн бий болгоно гэв. 14Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав. 15Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод 16“Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад, дуугаа өндөрсгөн уйлав. 17Бурхан хүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж
—Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ. 18Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүгээр том үндэстэн бий болгож өгье гэв. 19Бурхан Хагарын нүдийг нээсэнд, тэр усны ундарга олж хараад, очиж тулмаа усаар дүүргэн, хөвгүүндээ уулгалаа. 20Бурхан тэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов. 21Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.
22Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд
—Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна. 23Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ Бурханы нэрийг барьж энд надад одоо тангарагла. Миний чамд сайнаар хандсан шиг чи бас надад болон өөрийнхөө сууж байгаа энэ газар нутагт хандагтун гэсэнд
24Би тангараглая гэж Абрахам хэлэв. 25Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам Абимелехийг зэмлэсэнд 26Абимелех
—Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв. 27Абрахам хонь, үхэр авч, Абимелехт өгөөд, тэр хоёр хоорондоо гэрээ байгуулжээ. 28Абрахам долоон охин хургыг сүргээс нь таслан тавихад, 29Абимелех Абрахамд
—Чиний сүргээс таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэж асуусанд 30Абрахам
—Намайг энэ худгийг ухсаныг надад гэрчлэхээр энэ долоон охин хургыг чи миний гараас авах болой гэв. 31Тэр хоёр тэнд бие биедээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ. 32Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутаг уруугаа буцацгаажээ. 33Абрахам Беершебад сухай модыг тарьж, тэндээс Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг дуудав. 34Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног суужээ.

Currently Selected:

ЭХЛЭЛ 21: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in