YouVersion Logo
Search Icon

ЕЗРА 6

6
1Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэсийг хадгалдаг архивт эрэл хийгдэв. 2Медийн муж дахь цайзад, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. “Тэмдэглэл: 3Кореш хааны эхний жилд Кореш хаан зарлиг гаргажээ. «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд гэвэл, тахилуудыг өргөдөг газар болох сүмийг дахин босгож, түүний суурийг тавигтун! Түүний өндөр нь жаран тохой, өргөн нь жаран тохой бөгөөд 4том чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны эрдэнэсийн сангаас төл! 5Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу аваачсан, Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгуудыг Иерусалим дахь сүмд байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь».
6Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх мужуудын албан хаагчид тэндээс хол байцгаа! 7Бурханы өргөөний энэ ажлыг зөнд нь орхи. Иудейчүүдийн захирагч ба иудейчүүдийн ахмадууд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг. 8Түүнээс гадна, Бурханы энэ өргөөг дахин барих ажилд Иудагийн эдгээр ахмадуудын төлөө та нарын юу хийх талаарх зарлигийг би гаргаж байна. Тэдгээр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх мужуудын татваруудаас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой. 9Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бухнууд, хуцнууд ба хурганууд, мөн улаан буудай, давс, дарс болон тосолгооны тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр саадгүйгээр өгч бай. 10Энэ нь тэд тэнгэрийн Бурханд тааламжит тахилыг өргөн, хаан болон түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм. 11Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөл үүнийх нь төлөө түүний байшингаас нь гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь хаягдлын овоо болгогтун хэмээсэн зарлигийг би гаргав. 12Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж оролдсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд орших газар болгосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!”.
13Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв. 14Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байв. Тэгээд тэд Израилийн Бурханы тушаал ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав. 15Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв.
16Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд болон цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний зориулалтыг баяр хөөртэйгөөр тэмдэглэв. 17Тэд Бурханы энэ сүмийн зориулалтанд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга, мөн бүх Израилийн нүглийн төлөөх тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг өргөв. 18Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы үйлчлэлийн төлөө тахилч нарыг тэдний бүлгүүдэд нь, левичүүдийг тэдний дэс дараагаар нь Мосегийн номд бичигдсэн ёсоор томилов.
19Цөлөгдөгсөд нэгдүгээр сарын арван дөрвөнд Дээгүүр Өнгөрөх баярыг сахив. 20Тахилч нар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлж, тэд бүгд цэвэр байв. Тэгээд тэд бүх цөлөгдөгсдөд, өөрсдийн ах дүү тахилч нарт болон өөрсдөдөө зориулан Дээгүүр Өнгөрөх баярын хургыг төхөөрөв. 21Цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүмүүс Дээгүүр Өнгөрөх баярын зоог барилцав. 22ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажлыг дэмжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй Талхны Баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.

Currently Selected:

ЕЗРА 6: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in