YouVersion Logo
Search Icon

ЕСТЕР 9

9
1Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгнэв. 2Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв. 3Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ. 4Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов. 5Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв. 6Нийслэл Сусад иудейчүүд таван зуун хүнийг алж устгав. 7Мөн Паршандата, Далфон, Аспата, 8Пората, Адалиа, Аридата, 9Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу 10иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв.
11Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв. 12Тэгээд хаан хатан Естерт
—Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. 13Тэгэхэд Естер
—Хэрэв үүнийг хаан таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор үйлдэх нь маргааш мөн Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөгдөг. Хаманы арван хөвгүүн ч дүүжлүүрт дүүжлэгдэг гэж хэлэв. 14Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. 15Сусын иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цуглацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй.
16Мөн хааны мужуудын бусад иудейчүүд цуглаж өөрсдийн амиа хамгаалж, дайснуудаасаа ангижран, өөрсдийн өшөөтнүүдээс далан таван мянгыг алав. Гэвч тэд эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй. 17Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. 18Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. 19Тиймээс захын хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдрийг баясах, найр наадам, баяр цэнгээн хийн цайлах, бие биедээ идээний хувийг илгээх амралтын өдөр болгодог.
20Тэгээд Мордехаи эдгээр явдлыг тэмдэглэж, Ахашверош хааны хол, ойрын бүх мужид амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв. 21(Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов. 22Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгов. 23Тийнхүү иудейчүүд өөрсдийн хийж эхэлсэн байснаа болон Мордехаин тэдэнд бичсэн зүйлийг үүрэг болгон авав. 24Учир нь агаг хүн, Хаммедагийн хүү, бүх иудейчүүдийн дайсан Хаман иудейчүүдийг устгахаар тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган сүйрүүлэхээр Пур буюу шавга орхин шодсон билээ. 25Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав. 26Тиймээс тэд энэхүү өдрүүдийг Пурын нэрээр Пурим хэмээн нэрлэв. Мөн энэ захидал дахь зааврууд буюу тэд энэ тухайд үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж 27иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов. 28Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн энэ өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй болов.
29Тэгэхэд Абихаилын охин Естер хатан иудей Мордехаитай хамт бүрэн эрхтэйгээр энэ хоёр дахь захидлыг бичиж, Пуримийн тухай батлав. 30Тэрээр амар амгалан болон үнэний үгстэй захидлыг Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон мужид бүх иудейчүүдэд илгээж, 31Пуримийн эдгээр өдрийг тогтоосон цагт сахиулав. Энэ нь иудей Мордехаи болон Естер хатан тэдэнд тогтоосончлон мөн Иудейчүүдийн мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө болон өөрсдийн үр удамдаа заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм. 32Ийнхүү Естерийн зарлиг нь Пуримийн талаар эдгээр заншлуудыг тогтоосон бөгөөд энэ нь номд бичигдэв.

Currently Selected:

ЕСТЕР 9: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in