ҮЙЛС 25
25
1Фест муждаа хүрэлцэн ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв. 2Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгч хүмүүс Паулын эсрэг гомдлоо түүнд тавьж, түүнийг ятган, 3Фестээс хайр хишгээ үзүүлж Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа) 4Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарт хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийшээ явах гэж байгаагаа хэлэв. 5Тэгээд тэр цааш нь
—Иймээс та нарын дундаас нөлөө бүхий хүмүүс надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүнийг буруутгах зүйл байх аваас тэд түүнийг шүүтүгэй гэв.
6Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр өөрийн шүүхийн суудалд суугаад Паулыг авчрахыг тушаалаа. 7Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав. 8Паул өөрийгөө өмгөөлөн
—Иудейн Хуулийн эсрэг, эсвэл сүм, Цезарийн эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв. 9Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд
—Та Иерусалимд очиж, миний өмнө зогсон эдгээр ял зэмлэлээ шүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд 10Паул
—Намайг шүүх ёстой Цезарийн шүүхийн өмнө би зогсож байна. Иудейчүүдийн эсрэг би ямар ч бузар мууг үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа. 11Иймээс хэрэв би буруутан байгаад үхвэл зохих ямар нэгэн хэрэг үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин энэ хүмүүсийн намайг буруутгаж байгаа эдгээр ял зэмлэлийн аль нь ч үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв. 12Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож
—Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Таныг Цезарь уруу илгээх боллоо гэлээ.
13Хэдэн өдрийн дараа Агрийп хаан болон Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ. 14Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв.
—Фелик нэг хүнийг хорионд үлдээгээд явсан юм. 15Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг шаардаж байв. 16Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэдгийг хэлсэн. 17Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүхийн суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаав. 18Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа. 19Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар, мөн Паулын амьд гэж зарладаг, нэгэн үхсэн хүн буюу Есүсийн талаар санал зөрөлдсөн байв. 20Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэн тул, би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув. 21Харин Паул Эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл харгалзагчийн дор байлга гэж тушаасан юм гэв. 22Агрийп хаан Фестэд
—Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр
—Та маргааш түүнийг сонсох болно гэжээ.
23Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав. 24Фест
—Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирэгсэд ээ! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн “Тэр цаашид амьд байх ёсгүй” хэмээн надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна. 25Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн. 26Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө ялангуяа Агрийп хаан таны өмнө авчраад байна. 27Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг заахгүй байх нь утгагүй хэрэг санагдана гэжээ.
Currently Selected:
ҮЙЛС 25: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society