YouVersion Logo
Search Icon

1 САМУЕЛ 15

15
1Самуел Саулд
—Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун. 2Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ. 3Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.
4Тэгээд Саул ард түмнээ дуудаж, Телаимд тэднийг тоолоход, хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. 5Саул Амалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв. 6Саул кенчүүдэд
—Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. 7Ийнхүү Саул Хавилагаас Египетийн зүүн талд буй Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. 8Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв. 9Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг хүйс тэмтрэхийг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг хүйс тэмтрэв.
10Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж,
11Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав. 12Самуел Саултай уулзахаар өглөө эрт босов. Нэгэн хүн Самуелд
—Саул Кармелд ирж, тэнд өөрийн алдар хүндэд зориулж хөшөө босгов. Тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа хэмээн өгүүлжээ. 13Самуел Саул уруу очиход Саул түүнд
—ЭЗЭН таныг ивээх болтугай! Би ЭЗЭНий тушаалыг сахилаа хэмээн өгүүлэв. 14Харин Самуел
—Тэгвэл миний чихэнд буй хонины майлаан, надад сонсогдож байгаа үхрийн мөөрөлдөөн чухам юу вэ? гэв. 15Саул
—Тэдгээрийг амалекчуудаас авчирсан юм. Учир нь хүмүүс хонь, үхрийн хамгийн сайныг үлдээсэн нь таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд юм. Гэвч бусдыг нь бид хүйс тэмтрэв хэмээн өгүүллээ. 16Самуел Саулд
—Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд
—Яригтун хэмээв.
17Самуел
—Хэдийгээр та өөрийгөө өчүүхэн хэмээн санаж байсан боловч, Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож, тосолсон билээ. 18ЭЗЭН таныг аян замд илгээн, “Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд” гэсэн. 19Та юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ.
20Саул Самуелд
—Би ЭЗЭНий дуу хоолойг дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг олзлон авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. 21Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв. 22Самуел
—ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь
ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу?
Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү,
сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.
23Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил,
захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ.
Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул
ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа
хэмээн өгүүлэв.
24Саул Самуелд
—Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө. 25Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөл үйлдье хэмээн өгүүлэв. 26Гэвч Самуел Саулд
—Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв. 27Самуел явахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав. 28Самуел түүнд
—ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв. 29Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв. 30Саул
—Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв. 31Тийнхүү Самуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ.
32Түүний дараа Самуел
—Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Агаг түүн уруу баяртайгаар ирж,
—Үхлийн зовлон үнэхээр өнгөрлөө хэмээн хэлэв. 33Самуел
—Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.
34Самуел Рама уруу явж, харин Саул нь Саулын Гибеад байдаг гэр уруугаа буцлаа. 35Самуел нас барах өдөр хүртлээ Саулыг дахин харсангүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.

Currently Selected:

1 САМУЕЛ 15: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in