ШАСТИРЫН ДЭЭД 19
19
1Үүний дараа Аммоны хөвгүүдийн хаан Нахаш үхэж, түүний хүү оронд нь хаан болов. 2Тэгэхэд Давид
—Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв. 3Гэвч Аммоны хөвгүүдийн ноёд Ханунд хандан
—Тайтгаруулагчдыг чам уруу илгээснээрээ Давид чиний эцгийг хүндэлж байгаа гэж чи бодож байна уу? Түүний түшмэд энэ газрыг судалж, устгахын тулд тагнахаар ирсэн биш гэж үү? гэв. 4Тиймээс Ханун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцаан явуулав. 5Хэдэн хүн явж Давидад элч нарынх нь тухайд айлтгав. Өнөөх хүмүүст маш ихээр доромжлуулсан тул Давид тэдэн уруу хүн илгээжээ. Хаан тэдэнд
—Та нарын сахал ургаж гүйцэх хүртэл Иериход үлдээд, дараа нь буцаж ирэгтүн хэмээн хэлүүлэв.
6Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх хэрэг үйлдсэнээ мэдээд, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсдөдөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Араммаака болон Зобагаас хөлслөн авахаар мянган мөнгөн талантыг илгээв. 7Тэд өөрсдөдөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авав. Тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч өөрсдийн хотуудаас хуран цуглаж, дайтахаар ирэв. 8Давид үүнийг сонсоод, Иоаб болон хүчирхэг эрчүүдээс бүрдсэн бүх цэргээ илгээв. 9Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын орох хаалган дээр дайтахад бэлтгэн жагсаж, ирсэн хаад ч өөрсдийн цэргээ хээр талд байрлуулав.
10Тулалдаан урд талд болон араар нь өөрийнх нь эсрэг өрнөж байгааг Иоаб хараад, бүх цэргээс Израилийн шилдэг дайчдыг сонгон авч, тэд арамейчуудын эсрэг жагсан байрлав. 11Харин үлдсэн хүмүүсийг Иоаб өөрийн дүү Абишаигийн гарт даатгав. Тэд Аммоны хөвгүүдийн эсрэг жагсан байрлажээ. 12Иоаб өгүүлэхдээ
—Хэрэв арамейчууд надаас хүчээрээ их бол чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байх аваас, би чамд тусална. 13Хүчирхэг байж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв. 14Ингээд Иоаб өөрийн хүмүүсийн хамт арамейчуудын эсрэг тулалдахаар ойртоход арамейчууд Иоабын өмнөөс зугтацгаав. 15Аммоны хөвгүүд арамейчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигийн өмнөөс зугтан, хот уруугаа оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ.
16Арамейчууд Израильд дийлдсэнээ хараад, элч нарыг илгээн, Евфратын чанадад байх арамейчуудыг тэднийг удирдаж буй Хададезерын цэргийн жанжин Шофакийн хамтаар ирүүлэв. 17Үүнийг Давидад мэдэгдсэнд тэрээр бүх Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан, тэдний дээр ирж, тэдний эсрэг байрлалаа эзлэв. Давид арамейчуудын эсрэг тулалдахаар жагсангуут арамейчууд түүний эсрэг дайрав. 18Арамейчууд Израилийн өмнөөс зугтсанд Давид арамейчуудаас долоон мянган тэрэгт цэрэг, дөчин мянган явган цэргийг устгаж, тэдний цэргийн жанжин Шофакийг ч алав. 19Хададезерын зарц нар Израильд дийлдсэнээ хараад, Давидтай найрамдан, түүнд үйлчлэв. Ингээд арамейчууд дахин Аммоны хөвгүүдэд туслах хүсэл зориггүй боллоо.
Currently Selected:
ШАСТИРЫН ДЭЭД 19: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society