YouVersion Logo
Search Icon

Ром 8:5-17

Ром 8:5-17 АБ2013

Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ. Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махбодоор бус, харин Сүнсээр байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш. Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас Сүнс амьтай ажээ. Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест чинь амь өгнө. Тиймд ах дүү нар аа, бид махбодын дагуу амьдрахын төлөө байдаг махбодын өртөнгүүд биш. Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Ааба! Аав аа!» гэж дууддаг. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.