YouVersion Logo
Search Icon

Илчлэл 19

19
Тэнгэрт баярласан нь
1Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд
—Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд. 2Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ.#Дх 32:43; 2Ха 9:7 3Хоёр дахь удаагаа тэд
—Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.#Иса 34:10 4Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж
—Амен. Халлелуяа! гэв.
5Сэнтийнээс дуу гарч
—Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага бүгд ээ, Бурханд маань магтаалыг өргө гэв.#Дуу 115:13 6Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил
—Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов.#Езк 1:24; Дуу 93:1, 97:1, 99:1 7Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. 8Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.
9Тэр надад
—Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд
—Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.#Мт 22:2–3 10Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад
—Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.
Цагаан морьтон
11Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг.#Езк 1:1; Дуу 96:13; Иса 11:4 12Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа.#Дан 10:6 13Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ. 14Цагаан бөгөөд цэвэр, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэрийн дайчид цагаан морьд унан Түүнийг дагаж байв. 15Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.#Дуу 2:9; Иса 63:3; Иое 3:13; Илч 14:20 16Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.
Араатан ба түүний хамсаатан ялагдав
17Наран дээр нэгэн тэнгэрэлч зогсохыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн доогуур нисэж буй бүх шувуудад
—Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун.#Езк 39:17–20 18Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын мах, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүгдийн махыг идэх юм хэмээн хэлэв. 19Морь унасан Түүний ба дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав. 20Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.#Илч 13:1–18 21Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.

Currently Selected:

Илчлэл 19: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in