YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 15

15
1Эелдэг хариулт уурыг зайлуулах.
Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.
2Мэргэдийн хэл мэдлэг тараах.
Мулгуучуудын ам мунхаглал оргилуулах.
3ЭЗЭНий мэлмий хаа сайгүй.
Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.
4Амарлингуй хэл амийн мод.
Хазааргүй хэл сүнсний бусниулал.
5Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох.
Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих.
6Зөвт хүний гэрт арвин их баялаг.
Буруутын орлого харин лай ланчиг.
7Мэргэн хүний уруул
Мэдлэг дэлгэрүүлдэг бол
Мулгуучуудын зүрх тийм бус.
8Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах.
Чигч шударга хүмүүсийн залбирал
Түүнд таалагдах.
9Буруутын зам ЭЗЭНд жигшүүр.
Зөвийг мөшгөгчийг Тэр хайрлана.
10Замаасаа гажигсдад хатуу сахилга.
Гэсгээлтийг үзэн ядагсдад үхэл.
11Үхэгсдийн орон хийгээд Сүйрлийн газар
ЭЗЭНий өмнө байхад
Хүний хөвгүүдийн зүрх бүр ч ил бус уу?
12Басамжлагч нь зэмлэгчийг хайрладаггүй.
Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
13Зүрх хөгжилтэй бол царай тунгалаг.
Зүрх шаналахад сүнс зовууртай.
14Ухаарагч хүний зүрх мэдлэгийг эрэх.
Мулгуучуудын ам мунхаглалд идээших.
15Шаналагчдын өдрүүд хэцүүгээр дүүрэн.
Хөгжилтэй зүрхэнд найр наадам дүүрэн.
16ЭЗЭНээс эмээн хомсхон суух нь
Асар их хөрөнгөтэй бас түгшүүртэй сууснаас дээр.
17Үзэн ядалтаар бордсон шарын махнаас,
Үнэн хайр буй газрын өвсөн хоол дээр.
18Хурц зантай хүн хэрүүл өдөөх.
Уурлахдаа удаан хүн маргааныг намжаах.
19Залхуугийн зам сундуугаар дүүрэн.
Чигч шударгын жим шулуун чигээрээ.
20Мэргэн хүү эцгийгээ баярлуулах атал
Мулгуу хүн эхийгээ ч үл тоомсорлох.
21Ухаан тарчиг мунхаглалд хөөрөх.
Ухаарагч хүн цэх замаар явах.
22Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх.
Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох.
23Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг.
Цагаа олсон үг юутай сайхан бэ!
24Бодлоготой хүнийг амийн зам дээш хөтлөх.
Доор буй Үхэгсдийн орноос ангижруулах.
25Бардам хүний гэрийг ЭЗЭН нураана.
Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтооно.
26Ёрын муу төлөвлөгөө ЭЗЭНий жигшүүр.
Нигүүлсэнгүй үгс Түүнд ариун.
27Ёс бус ашигт шунагч
гэрийнхэндээ лай тарих.
Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах.
28Зөвтүүдийн зүрх яаж хариулахаа цэгнэх.
Буруутын ам ёрын мууг ундраах.
29Буруутуудаас ЭЗЭН алс.
Зөвтийн залбирлыг Тэр сонсоно.
30Гэрэлтсэн харц зүрхийг баярлуулах.
Сайн мэдээ ясыг шимжүүлэх.
31Амийн сануулгад дуулгавартай чих
Мэргэдийн дунд байх.
32Сургамжийг үл ойшоогч
өөрийгөө үл хэрэгсэх.
Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах.
33ЭЗЭНээс эмээхүй нь
мэргэн ухааны сургамж
Алдрын өмнө даруу дорд байдал.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Сургаалт үгс 15