YouVersion Logo
Search Icon

Тооллого 22

22
Балаамыг Балак дуудуулав
1Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав. 2Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав. 3Израильчууд тоо томшгүй олон байсан учраас уг ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Моаб Израилийн хөвгүүдээс ихэд айв. 4Моаб, Мидианы ахмадуудад
—Хээр талын ногоог үхэр хивдэг шиг энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрны бүхнийг хивэх болно гэв. Тэр үед Зиппорын хүү Балак Моабын хаан нь байлаа. 5Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан
—Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.#Тоо 31:8; 2Пт 2:15–16; Иуд 11 6Тиймээс ирээч. Энэ ард түмэн миний хувьд хэт хүчирхэг тул миний төлөө эднийг хараагтун. Тэгвэл би тэднийг цохин дийлж, нутгаасаа хөөн гаргаж чадах байх. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.
7Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа. 8Тэр тэдэнд
—Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад айлдах үгээр би та нарт хариу хэлье гэлээ. Моабын түшмэд Балаамтай хамт үлдэв. 9Бурхан, Балаам дээр ирж
—Чамтай хамт байгаа энэ хүмүүс хэн бэ? гэв. 10Бурханд Балаам хэлэхдээ
—Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн 11“Харагтун, Египетээс ард олон гарч ирж, газрын хөрсийг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргаж чадах байх” гэж хэлүүлсэн гэв. 12Балаамд Бурхан
—Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ. 13Өглөө нь Балаам босож Балакийн түшмэдэд
—Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцаж явцгаа гэв. 14Моабын түшмэд босож Балак уруу очоод, түүнд
—Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзлаа гэж хэлэв.
15Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй түшмэдийг дахин илгээв. 16Тэд Балаам уруу ирээд түүнд
—Зиппорын хүү Балак ийн хэлж байна. “Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог. 17Учир нь би таныг үлэмж ихээр хүндэтгэж, надад хэлсэн болгоныг тань хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв. 18Балаам, Балакийн зарц нарт хариулан
—Балак надад алт мөнгөөр дүүрэн гэрээ өгсөн ч би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг зөрчин их, бага ямар ч зүйлийг хийж чадахгүй. 19Харин та нар өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь би мэдье гэлээ. 20Шөнө нь Бурхан, Балаам уруу ирж, түүнд
—Хэрэв энэ хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн чамд Миний хэлснийг л чи хийх ёстой гэв.
21Балаам өглөө босоод, илжгээ эмээллэн унаж, Моабын түшмэдтэй хамт явав.
Балаам илжиг тэнгэрэлч гурав
22Гэвч түүний явснаас нь болж Бурхан уурласан бөгөөд ЭЗЭНий тэнгэрэлч түүнд садаа болохоор зам дээр зогслоо. Балаам илжгээ унаж явсан бөгөөд хоёр зарц нь хамт байлаа. 23ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг илжиг хараад замаас эргэж, тариан талбай уруу явав. Харин Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив. 24Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч усан үзмийн талбайнуудын хооронд энэ талдаа ч ханатай, нөгөө талдаа ч ханатай нарийхан зам дээр зогсов. 25ЭЗЭНий тэнгэрэлчийг илжиг хараад, хананд наалдан, Балаамын хөлийг ханатай шахав. Тиймээс тэр, илжгийг дахин цохилоо. 26ЭЗЭНий тэнгэрэлч цааш явж, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов. 27Илжиг, ЭЗЭНий тэнгэрэлчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо. 28ЭЗЭН, илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаамд
—Чамд би юу хийчихсэн болоод чи намайг ингэж гурван удаа цохино вэ? гэв. 29Балаам илжгэнд
—Чи надаар тохуурхсан учир ингэлээ. Гарт минь илд байсансан бол би чамайг хэдийнээ алсан байхсан гэлээ. 30Илжиг, Балаамд
—Өнөөдрийг хүртэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд ингэж хандах зуршилтай байсан гэж үү? гэхэд тэр
—Үгүй гэлээ.
31ЭЗЭН, Балаамын нүдийг нээсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг харлаа. Тэгээд Балаам бөхийн, нүүр доош мэхийв. 32ЭЗЭНий тэнгэрэлч түүнд
—Чи илжгээ юунд ингэж гурван удаа цохив? Харагтун, надаас гажсан#22:32 эсвэл чамайг цааш явуулахгүйн тулд; Еврейд нь энэ тодорхой бус. учир би чамд садаа болохоор гарч ирсэн. 33Харин илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүйсэн бол Би чамайг алж, түүнийг амьд үлдээх байсан гэв. 34Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид
—Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ. 35Харин ЭЗЭНий тэнгэрэлч, Балаамд
—Энэ хүмүүстэй хамт яв. Харин Миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам, Балакийн түшмэдтэй хамт явав.
36Балаамын ирж явааг Балак сонсоод, нутгийн хамгийн захад Арноны хил дээр байдаг, Моабын хотод түүнтэй уулзахаар гарав. 37Балак, Балаамд
—Чамайг дуудуулахаар би чам уруу элч нарыг илгээгээгүй гэж үү? Чи юунд над уруу ирсэнгүй вэ? Би чамайг хүндэтгэж чадахгүй гэж үү? гэв. 38Балаам
—Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ямар нэг юм хэлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно гэж Балакт хэлэв. 39Балаам, Балактай хамт явж, тэд Кириат-хузотод ирэв. 40Балак үхэр, хоньдыг нядлан өргөж, Балаам болон түүнтэй хамт байсан түшмэдэд илгээлээ.
Балаамын эхний зүйр зөн
41Дараа өдөр нь Балак, Балаамыг авч Баалын мөргөлийн өндөрлөгүүдэд аваачжээ. Тэр тэндээс өнөөх ард түмний нэг хэсгийг харав.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Тооллого 22