Тооллого 21
21
Хүрэл могой
1Негевд амьдарч байсан канаан хүн, Арадын хаан нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов.#Тоо 33:40 2Тиймээс Израиль ЭЗЭНд ам өчиг өгч
—Хэрэв Та энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн сүйрүүлэх#21:2 Бурханд өргөнө гэсэн утгатай амлалт юм. болно гэв. 3ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд өгөв. Израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн сүйрүүлэв. Тэр газрын нэрийг Хорма#21:3 Хорма: евр. “сүйрэл” гэсэн утгатай. гэж дуудах болжээ.
4Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Хор уулаас хөдлөн Улаан тэнгисийн замаар явав. Аяны улмаас ард түмэн сэтгэл мятрав.#Дх 2:1 5Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж
—Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.#1Ко 10:9 6ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв. 7Ард түмэн Мосе дээр ирж
—Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. 8Мосед ЭЗЭН
—Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. 9Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.#2Ха 18:4; Иох 3:14
Моаб уруу явсан нь
10Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав. 11Тэд Оботоос хөдлөн явж, наран мандах зүүн зүгт Моабын харалдаа орших цөлд, Ии-Абаримд буудаллав. 12Тэндээс тэд хөдөлж, Зередийн хөндийд буудаллалаа. 13Тэндээс тэд хөдөлж, аморичуудын нутгийн хил хүртэл үргэлжлэх зэлүүд талд, Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь моаб ба аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь Арнон байв. 14Тиймээс ч ЭЗЭНий Дайн тэмцлийн номд
“Суфа дахь Вахеб ба Арнон гол нь
15Аарын талбай уруу тэлж,
Моабын хязгаарыг даган сунасан байдаг” гэсэн нь бий.
16Тэндээс тэд Беер уруу явав. Мосед “Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье” гэж ЭЗЭНий айлдсан худаг нь энэ юм. 17Израиль энэхүү дууг дуулан
Оргилон дүүрэгтүн, худаг аа! Түүнд дуулагтун.
18Удирдагчид малтаж,
ард олны ихэс дээдэс шүүхийн очирт таягуудаараа ухсан худаг
гэв. Цөлөөс тэд Маттана уруу 19Маттанагаас Нахалиел, Нахалиелаас Бамот, 20Бамотаас тэд цөл тийш харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.
Сихон хааныг ялав
(Дх 2:26—3:11)
21Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээж
— 22Намайг нутгаараа дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийн зүг хазайхгүй, худгуудаас ус ч уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар#21:22 эсвэл гол замаар л явах болно гэлээ. 23Гэвч Сихон өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон бүх ард түмнээ цуглуулан, Израилийг довтлохоор цөлд гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав. 24Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь бат бөх байлаа. 25Израиль тэдгээр бүх хотыг авсан бөгөөд аморичуудын бүх хотод, Хешбон болон түүний бүх тосгонд Израиль амьдрав. 26Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын урьдын хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авсан байв. 27Тиймээс сургаалт зүйрлэлд
“Хешбонд ирэгтүн.
Сихоны хот баригдан бат тогтог!
28Учир нь Хешбоноос гал,
Сихоны хотоос галын дөл гарчээ.
Тэр нь Моабын Аарыг,
Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.#Иер 48:45–46
29Моаб аа, чи золгүй еэ!
Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна!
Тэрээр Аморийн хаан Сихонд
Таран бутарсан хөвгүүд охидоо олз болгон өгөв.
30Бид тэднийг харваж,
Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв.
Бид Медебагийн зэргэлдээх Нофаг хүртэл тэднийг бут ниргэв”#21:30 энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
гэсэн байдаг.
31Ингээд Израиль нь аморичуудын нутагт амьдрав. 32Иазерыг тагнахаар Мосе хүн илгээсэн ба тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.
Ог хааныг ялав
33Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог бүх ард түмнээ дагуулан Едреид тэдэнтэй дайтахаар явав. 34Гэвч Мосед ЭЗЭН
—Түүнийг болон түүний бүх ард түмэн, газар нутгийг нь Би чиний гарт өгсөн тул түүнээс бүү ай. Чи Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил түүнд үйлдэнэ гэж айлдав. 35Тэд түүнийг болон хөвгүүдийг нь мөн бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол хядаж, нутгийг нь эзэмшив.
Currently Selected:
Тооллого 21: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.