YouVersion Logo
Search Icon

Марк 7

7
Ахмадын заншил
(Мт 15:1–9)
1Иерусалимаас ирсэн фарисайчууд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав. 2Есүсийн шавь нарын зарим нь бохир, угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ. 3(Учир нь фарисайчууд болон бүх иудейчүүд ахмадын ёс заншлыг сахиж, гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ. 4Тэд гудамж зээлээс ирээд өөрсдийгөө угаагаагүй аваас#7:4 эсвэл гудамж зээлээс ирсэн юуг ч угаагаагүй бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ.) 5Фарисайчууд болон хуулийн багш нар
—Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлаар явалгүй, харин бохир гартай чигээрээ талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад 6Есүс тэдэнд
—Хоёр нүүрт та нарын тухай Исаиа зөв эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.#Иса 29:13 (LXX)
“Энэ ард түмэн Намайг
уруулаараа л хүндэлдэг
Гэвч зүрх нь Надаас
алс хол байдаг
7Тэд хүний тушаалыг
сургаал мэт зааж,
Харин Надад дэмий мөргөдөг.”
8Та нар Бурханы тушаалыг орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гэв.
9Тэр мөн тэдэнд
—Та нар ёс заншилаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм. 10“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.#Гэт 20:12, 21:17; Лев 20:9; Дх 5:16 11Харин та нар “Хүн эцэгтээ юмуу эхдээ «Танд хэрэг болох байсан зүйл маань Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн)» гэх юм бол” гэж хэлээд 12та нар түүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй. 13Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хөсөрдүүлдэг. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж хэлэв. 14Есүс хурсан олныг дахин дуудаад тэдэнд
—Бүгд Намайг сонс бас ухаар. 15Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. 16[Сонсох чихтэй нь сонсогтун]#7:16 ЗБ-т хаалт дахь энэ эшлэл байхгүй. (4:23 үз.) гэж хэлэв.
17Есүс ард олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув. 18Тэр тэдэнд
—Та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох алив зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? 19Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин гэдсэнд ороод жамаараа гадагш арилна гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр ийн илэрхийлжээ.) 20Тэрээр
—Хүнээс гарах зүйлс л хүнийг бузарладаг. 21Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллага, 22завхайрал, шунахайрал, балмад байдал мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. 23Энэ бүх муу муухай зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.
Сирофоеник эмэгтэйн итгэл
(Мт 15:21–28)
24Тэр тэндээс босож, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. 25Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй даруй Түүний тухай сонсоод, ирж Есүсийн хөлд унав. 26Тэр эмэгтэй сирофоеник гаралтай грек байсан бөгөөд охиноосоо чөтгөрийг нь зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. 27Есүс түүнд
—Эхлээд хүүхдүүдээ цатга. Учир нь хүүхдүүдийн талхыг авч нохдод хаях нь сайн биш гэхэд 28тэр эмэгтэй Түүнд
—Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход ч хүүхдүүдийн үйрүүлснийг иддэг шүү дээ гэж хариулав. 29Есүс түүнд
—Үгийнхээ дагуу яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. 30Гэртээ очоод, хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг нь тэр үзэв.
Дүлийг эдгээв
31Есүс дахин Тирийн дүүргээс явж, Сидоныг дайран Декаполь дүүргийн Галил нуур уруу очив. 32Тэд дүлий, хэл ярианы согогтой хүнийг Түүнд авчраад дээр нь гараа тавихыг Есүсээс гуйжээ. 33Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. 34Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад, түүнд
—Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд 35өнөөх хүний сонсгол нь нээгдээд, хэлний нь согог арилж, зөв ярих болов. 36Хэнд ч хэлж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлаж байлаа. 37Тэд
—Түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэр дүлийг ч сонсголтой болгож, хэлгүйг ч ярьдаг болголоо хэмээн ярилцаж, үнэнхүү гайхаж байв.

Currently Selected:

Марк 7: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in