Лук 23:33-43
Лук 23:33-43 АБ2013
Тэд Гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ. Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв. Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд цагаан цуу өгч — Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол Өөрийгөө авраач гэж байв. Бас Түүний дээр «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.