YouVersion Logo
Search Icon

Иошуа 9

9
Мэхлэн амь хэлтэрсэн гибеончууд
1Иорданы чанад дахь уулархаг нутаг болон нам дор газар түүнчлэн Ливаны зүг дэх Их тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын хамаг хаад үүнийг сонсоод, 2Иошуа ба Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж, үгсэн нийлэв. 3Иерихо болон Аиг Иошуа хэрхсэнийг Гибеоны оршин суугчид сонсоод 4заль зохион, элэгдэж хуучирсан уут шуудай болон үжирч нөхсөн дарсны хуучирсан хөхүүр зэргийг илжгэн дээр ачуулж, хуурамч элч нарт 5хөлд нь хуучирсан шаахай, биед нь хуучирсан хувцас өмсгөв. Хоол хүнс нь ч хатаж үйрсэн талх байлаа. 6Тэд Гилгал дахь хуаранд Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад
—Бид алс холын нутгаас ирлээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв.
7Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв.#Гэт 23:32, 34:12; Дх 7:2 8Харин тэд Иошуад
—Бид таны боолууд билээ гэхэд Иошуа
—Та нар хэн бэ? Хаанаас ирэв? гэв. 9Тэд түүнд
—Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Египетэд Түүний хийсэн бүхнийг сонсов. 10Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон мөн Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.#Тоо 21:21–35 11Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захихдаа “Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй” гэсэн юм. 12Та нарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэр гэрээсээ авахад энэ нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ хатаж үйрчээ. 13Мөн бидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо үжирч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэж хуучрав гэлээ. 14Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй. 15Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй байгуулж, хотол түмний удирдагчид тэдэнд тангараглав. 16Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурав хоногийн дараа тэд өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг израильчууд сонсов. 17Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, тэдний хот болох Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеаримд гурав дахь өдрөө хүрч ирэв. 18Хотол түмний удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэднийг цохисонгүй. Хотол түмэн бүхэлдээ удирдагчдын эсрэг дургүйлхэн бувтналдав. 19Гэвч удирдагчид бүгдээр даяар хотол түмэнд
—Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон. 20Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаасаа няцсанаас болж бидэн дээр уур хилэн буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв. 21Удирдагчид тэдэнд
—Тэднийг амьд үлдээ гэв. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд даяар хотол түмэнд ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов. 22Ингээд Иошуа гибеончуудыг дуудан
—Та нар манай газар нутагт амьдардаг атлаа “Бид та нараас алс хол байдаг” хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ? 23Иймд та нар хараагдсан бөгөөд цаашдаа үргэлжид миний Бурханы гэрт түлээ бэлтгэж, ус зөөдөг зарц нар байх болно гэв. 24Тэд Иошуад
—Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм. 25Одоо харагтун, бид таны гарт байна. Та зөв зүйтэй, сайн гэж үзсэнээ л бидэнд үйлд гэж хариулав. 26Иошуа тийнхүү үйлдэхдээ Израилийн хөвгүүдийн гараас тэднийг аварч, израильчууд ч тэднийг алсангүй. 27Ийнхүү тэр өдөр Иошуа гибеончуудыг түлээ бэлтгэгч ба ус зөөгч болгож хотол түмэнд мөн ЭЗЭНий тахилын ширээ болгон сонгох газруудад энэ өдрийг хүртэл ажиллуулсан билээ.

Currently Selected:

Иошуа 9: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy