YouVersion Logo
Search Icon

Иошуа 2

2
Иерихо уруу туршуул илгээв
1Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж#Евр 11:31; Иак 2:25
—Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов. 2Харагтун, Израилийн хөвгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой эрчүүд ирсэн байна гэж Иерихогийн хаанд дуулдав. 3Иерихогийн хаан, Рахабт
—Танайд ирж гэрт чинь орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн байна гэсэн хэл явуулав. 4Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нууж далдлаад, хэлэхдээ
—Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй. 5Үдшийн бүрэнхийгээр хаалга хаах цагт тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдээгүй. Тэднийг бушуу мөшгөн хөөцгөө. Тэгвэл та нар гүйцнэ гэлээ. 6Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ. 7Ийнхүү нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ. 8Ингээд нөгөө хоёрыг хажуулахаас өмнө Рахаб тэдэн уруу дээвэр дээр авиран гарч, 9тэдэнд
—ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ. 10Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.#Гэт 14:21; Тоо 21:21–35 11Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ. 12Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад бат үнэн тэмдэг өгч, 13миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв. 14Эрчүүд түүнд
—Бидний амь та нарын төлөө байг!#2:14 эсвэл Эзэн бидний амийг аваг эсвэл Хэрэв бид хэлснээ хийхгүй бол бидний амь та нарын оронд яваг. Хэрэв чи бидний хэргийг задруулахгүй бол ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нарт энэрэл хайр ба үнэнээр хандах болно гэлээ. 15Тэр эмэгтэйн байшин нь хотын ханан хэрмэнд байсан ба тэрээр хананд амьдарч байсан учраас тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав. 16Эмэгтэй тэдэнд
—Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уул өөд яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Дараа нь та нар замаараа явж болно гэжээ. 17Эрчүүд түүнд
—Биднээр чиний андгайлуулсан энэ тангаргаас бид дараах нөхцөлд чөлөөлөгдөнө. 18Харагтун, биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг өөр дээрээ, гэртээ цуглуулаагүй тохиолдолд ингэх юм. 19Хэрэв хэн нэгэн хүн гэрийн чинь хаалгаар гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид энэ тангаргаас чөлөөлөгдөг. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд гар хүрсэн байвал цус нь бидний толгой дээр бууна. 20Харин чи бидний энэ хэргийг задруулбал биднээр чиний андгайлуулсан энэ тангаргаас бид чөлөөлөгдөг гэв. 21Эмэгтэй
—Та нарын хэлснээр болог гэлээ. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяжээ. 22Тэд салж яваад, ууланд очиж, мөшгөгчдийг буцтал гурав хоног тэндээ байв. Мөшгөгчид тэднийг бүхий л замын туршид хайсан боловч олсонгүй. 23Дараа нь нөгөө хоёр хүн уулнаас бууж, голыг гатлан, Нуны хүү Иошуа дээр очоод өөрсдөд нь тохиолдсон бүхнийг тоочин ярив. 24Тэд Иошуад хэлэхдээ
—ЭЗЭН бүх нутгийг бидний гарт үнэхээр өгсөн аж. Түүнчлэн тэр нутгийн бүх оршин суугчдын зориг бидний өмнө мохжээ гэлээ.

Currently Selected:

Иошуа 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in